Хамгийн эротик хэлц үгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлсэн тухай цаагуур чинь шуугиад сүйд. Мөнөөх алдартай үг нь “Би өглөө л мэдлээ” гэх. За, Ц.Нямдоржийг “явуулах” ч яах вэ. Хамгийн гол нь шөнөжин зурагтынхаа урд суусныхаа хүчинд монголчууд Н.Энхбаярын баривчилгааг нэгд нэгэнгүй харсан билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдынд зурагт байгаагүй учир энэ тухай маргааш өглөө нь нэг юм сонссон гэх логик дүгнэлт эндээс гарч ирж байна. “Эх орон-тусгаар тогтнол-шударга ёс” хөдөлгөөнийхөн үүнийг соргогоор анзаарч, Ц.Нямдоржид шинэ зурагт бэлэглэхээр болжээ. Бүр 10 өрөө байранд нь зориулж арван зурагт авч өгөх юм байх. Ямартай ч тэд мөнгө төгрөгөө цуглуулж байгаад хөлсний байранд амьдардаг сайддаа зурагт авахаар дэлгүүр явав. Тэр ч байтугай өнөөдөр 15 цагт бэлгээ сүр дуулиантайгаар гардуулж өгнө гэнэ. Хөдөлгөөнийхний ярьж байгаагаар бол сонгууль өнгөртөл найдвартай ажиллах зурагт л байвал ямар ч хамаагүй брэндийнхийг авах аж. Гол нь чанартай байх ёстой. Гэхдээ энэ нь асуудалтай санагдаад байх юм. Ц.Нямдорж сайд ч яах вэ, баярлаад хоцрох биз. Гэтэл бусад улстөрчид гомдоллоод эхэлбэл яана. Сайн бодоод үзвэл экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гутал бэлгэнд авах гэж хөлөө гозолзуулсан болж таарах нь уу. Ч.Улаан гишүүн хагархай шилтэй телевизээр гарсан. Тэгсэн хүмүүс үүнийг нь улс төрийн зорилготой гэж тайлбарласан юм. Андуурсан байж шүү. Ч.Улаан гишүүн бүрэн бүтэн шилтэй болох гэж л тэгсэн байх нь. Ц.Шинэбаяр салаавч гаргаснаасаа болж хууль хяналтынханд шалгуулах дээрээ тулсан. Уг нь хөөрхий, бээлий ч юм уу, нэг тиймэрхүү зүйл бэлгэнд авъя гэж бодсон юм байж. Гэтэл энэ санаагаа олон нийтийн дунд тогтсон жишгээс үл ялиг гажуудаар илэрхийлснээс хамаг хэрэг үүдсэн байна. Тэгээд л хэл амны бай болчихгүй юу. Харин сайд Ц.Нямдоржид хүссэн зүйлийг нь бэлэглэснээрээ иргэний хөдөлгөөнийхөн нийгэмд буруу жишиг тогтоогоод эхэлчихэв үү.
Т.ЭЛИСА
"УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин