Монголын нинжа нар Хятадын алтны гол нийлүүлэгчид болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Монголын нинжа нар Хятадын алтны гол нийлүүлэгчид болжээ

"Ройтерс"
агентлагийн сурвалжлагч Дэвид Стэнвэй Монголын нинжа нарын талаар
нийтлэл бичжээ. Түүнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэе.

Ацетилиний
үнэр түгсэн бүгчим, бетонон оромжинд нэгэн настайвтар монгол уурхайчин
өөрийн баяр бахдлаа нууж ядан суух аж. Тэрбээр бохир савнаас нэг инч
урттай (нэг инч = 2.54 см) шижир алт сугалан авч гэрэлд гарган харж
байв. Түүнийг Хорлоо гэдэг. Одоо 65 настай. Хорлоогийн хөвгүүд нь
CCTV-ийн хэдэн сувгийг эргүүлж тойруулсаар өдрийг өнгөрөөнө.

Харин
энэ үед Борнуурын уурхайн ажилчид 1.2 тонн алтны хүдэр боловсруулж,
түүнээс 123 грамм цэвэр алт гарган авахаар завгүй хөдөлцгөөнө. Энэ ажлын
үр дүнд нэг гэр бүл 6000 ам.долларын цалин авч болохоор мэт.

Улаанбаатараас
нэлээд зайтай орших Борнуурын алтны хүдэр боловсруулах төвлөрсөн цехийн
ойролцоох нутагт эмх замбараагүй сүлжилдсэн зам дүүрчээ. Есөн зууны
тэртээ Чингис хааны морьтон баатрууд Ази тивийг хөндлөн гулд туулж
байсан тэр үеийнхтэй харьцуулахад энд олон зүйл өөрчлөгдөөгүй хэвээр
үлдсэн байна. Энд цугласан хотын ажилгүйчүүд, газар тариаланчид, малчдын
тоо наад зах нь 60 мянга хүрнэ. Тэдний нэг нь Хорлоо. Тэр бусдын адил
газар дор байгаа баялгийг металл илрүүлэгчээр хайж, хэрэв олбол
түүнийгээ хүрздэн гаргаж, гэртээ боловсруулдаг.

Сүүлийн таван
жилийн дотор Монголд хуулийн дагуу алт олборлож нийлүүлэх нь эрс
багассан. Үүнтэй зэрэгцээд хар зах хөгжиж, хятадууд Монголын нинжа
нараас алтыг их хэмжээгээр нь худалдан авдаг болжээ. Том ногоон сав
нуруундаа үүрсэн, гар аргаар алт олборлогчид яст мэлхийтэй төстэй
харагддаг. Тиймээс тэднийг нинжа хэмээн нэрлэсэн байна. Амьдралын боломж
тааруу хэдэн мянган малчин тэнд цуглажээ. Алтны ханш өссөөр байгаа нь
тэдний хүнд нөхцөлд дарамтан дор ажилласан он жилүүдийг зөвтгөх мэт.

Гартаа
шижир алт атгаж байх зуураа Хорлоо "Бид энэ алтыг гаргаж авахын тулд
долоо хоног ажилласан. Гэхдээ гурван жил газар ухсаны эцэст алтны судалд
хүрч чадлаа" хэмээн ярьсан юм. Өнгөрсөн онд Хятадын алтны нийт
олборлолт 361 тоннд хүрч, дээд амжилт тогтоосон. Гэхдээ тус улсын эрэлт
улам бүр ихэсч, нийлүүлэлтээсээ давж гарчээ. Бээжингийн эрх баригчид
импорттой холбоотой тоо баримтуудаа саяхан дэлгэн харуулсан билээ. Тэнд
дурьдсанаар өнгөрсөн онд Хонконгоос 428 тонн алт авсан нь өмнөх
жилийнхтэй нь харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Олон
улсын зах зээл дээр өнгөрсөн есдүгээр сард нэг унци алтны үнэ 1920.3
ам.доллар болж дээд амжилт тогтоосон билээ. Евро бүсийн өрийн хямрал
цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаагаас болж хөрөнгө оруулагчид алтыг
найдвартайд тооцож, худалдан авах нь ихэссэн. Хэдийгээр өнөөдрийн
байдлаар нэг унци алтны ханш 1636 ам.доллар болж буурсан ч эрэлт нь
нэмэгдсээр байна.

Хятадууд Монголын алтны судлыг атгаж байна.
"Рио Тинто", "Айвенхоу майнз" хөрөнгө оруулалт хийж буй зургаан тэрбум
ам.доллараар үнэлэгдэх Оюутолгойн зэс, алтны төслөөс эхлээд Борнуур сум
дахь алтны жижигхэн уурхайд хүртэл Хятадын нөлөө хэдийнэ тогтжээ.
Монголын Засгийн газар уул уурхайн олборлолтоор дамжуулж эдийн засгийнх
нь томоохон хөшүүрэг болсон хөдөөгийн ард иргэдээ XXI зууны хөгжилтэй
хөл нийлүүлж алхуулна гэж найдаж байгаа.

Гэтэл энэ бүхэн нь
Монголыг уул уурхайгаас хэт хараат, Хятадын түүхий эдийн нөөцийг
бэлтгэдэг орон болгох вий гэхээс зарим улстөрч болгоомжилж байна. Харин
бодлого боловсруулагчид ашигт малтмал боловсруулах үйл явцыг шинэ шатанд
гаргахыг зорьж байгаа. Энэ нь нинжа нар болон хар захын наймаачдад
нөлөөлж байна. Сүүлийн 20 гаруй жилийн турш нинжа нар олборлосон алтаа
Хятадын зах зээл рүү гаргах бүхий л холбоо сүлбээг тогтоосон. Бас
Монголын газар тариаланч, малчдыг үүнийх нь төлөө дэмжих тийм ч хэцүү
биш байсан юм.

ЧЕНЖҮҮД

Нинжа нар "Ченжүүд" гэх
үгийг үе, үе хэрэглэнэ. Хятадын хар зах руу алт их хэмжээгээр нь нийл
үүлдэг янз бүрийн хүмүүсийг эгнээндээ нэгтгэсэн бүлэглэл нь ченжүүд юм.
Заамарын алтны уурхайд ажилладаг эмэгтэй уурхайчдын нэг Уранцэцэг
"Ченжүүд алтаа Хятад руу хууль бусаар гаргадаг. Харин уурхайчид бүх
ажлыг нь хийчихээд олсон алтаа ченжүүдэд зарж мөнгө болгодог" гэж
ярилаа.

Ашигт
малтмал олборлогчид хуулийн дагуу алтаа төв банкиндаа тушаах ёстой.
Гэтэл хар зах дээр арилжаалбал илүү ашигтай байдаг. Ченжүүд алтны албан
ёсны ханшаас дээгүүр үнийг үргэлж санал болгодог. Бас нинжа нар тэдэнтэй
худалдаа хийвэл НӨАТ-ын 10 хувийг төлөхгүй. Борнуурт ажилладаг санхүүч
Б.Эрдэнэчимэг "Уурхайчдыг алтаа заавал банкинд худалдахыг шаарддаг.
Гэхдээ яг тэгж тушаадаггүй л дээ. Учир нь зарим алтны судал албан ёсных
байдаг бол зарим нь өндөр үнэ санал болгодог хар зах руу гарах ашигт
малтмалын нөөц болдог" гэв.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын
хооронд хийж буй худалдааны хэмжээ эрс нэмэгдсэн. Түүний дийлэнх нь
нүүрс, зэсийн салбараас хамааралтай. Улаанбаатарт байгаа уул уурхайн
компаниудын төлөөлөгчдийн ярьж байгаагаар бол урд хөрш рүүгээ хэдэн
мянган машинаар нүүрс зөөж байсанд орвол хэдхэн унци алт хулгайгаар
гаргачихвал илүү ашигтай, илүү хялбар байдаг аж. Нинжа нарыг алтаа
цэвэрлэхэд нь дөхөм болохын тулд ажилладаг Швейцарийн хамтын хөгжлийн
агентлагийн салбар хариуцсан мэргэжилтэн Патиенс Синг "Худалдан авагчдын
хувьд алт хэзээд алт байсаар ирсэн" гэж хэлсэн юм.

Аль 1990-ээд
оноос Монгол Улс Зөвлөлтийн хэв маяг бүхий эдийн засгийн тогтолцооноос
татгалзсан. Тэр үеэс эхлэн алт олборлогчид улс орны өнцөг булан бүрт
очиж, алт угаах нэрийдлээр цэвэр усны ундаргыг сүйтгэх болжээ.

БАЙГАЛЬ ОРЧИН

Монголын
парламент 2009 онд уул уурхайн салбартай холбоотой нэг хууль баталсан.
Үүнд гол, мөр-ний урсац бүрэлдэх эх, усны сан болон ойн сан бүхий газарт
алт олборлохыг хориглож, олон зуун лицензийг хүчингүй болгохоор болжээ.
Энэ бүхнээс болж 2005 онд алтны нийлүүлэлт 21.9 тонн болж буурсан
байна.

Түүнчлэн 2010 оны мөн үед энэ тоо зургаан тонноор дахин
буурчээ. Харин ийнхүү албан ёсны үзүүлэлтүүд суларсан нь алтны ханшийг
хөөргөж, нинжа нар ч хориг саадыг үл ойшоон хар захын ченжүүдтэй улам
ихээр худалдаа хийх болов. Цаасан дээрх тоон үзүүлэлтүүд буурсаар л.
Харин нинжа нар ажилласаар л. Төрийн бус байгууллагуудын судалгаагаар
тэд жилд дор хаяж долоон тонн алт нийлүүлдэг аж.

Монголд үйл
ажиллагаагаа тэлэх сонирхолтой гадны уул уурхайн нэгэн компанийн
гүйцэтгэх захирал "Хууль чангарах тусам хар захын арилжаа хөгжиж байна.
Байгаль орчныг хамгаалахын тулд хуулийн дагуу хориг тавьж болно. Гэхдээ
нинжа нар үүнийг хүлээж авдаггүй. Миний бодлоор асуудлыг шийдэх цорын
ганц гарц нь тэднийг зохион байгуулалтад оруулах явдал. Гэхдээ Монголын
одоогийн Засгийн газар үүнийг хийж чадах эсэх нь өөр асуудал" хэмээн
ярьсан юм.

Уул уурхайн компаниуд болон нинжа нарын хоорондын
харилцаа үргэлж төвөгтэй байсаар ирсэн. Компаниуд нинжа нарын дайралтаас
сэргийлэхийн тулд хамгаалалтын ажилтнуудыг олноор нь дайчлах тохиолдол
бий. Гэхдээ тэд нинжа нарын нээж илрүүлсэн алтны шинэ судлын араас
мөшгидөг. Нинжа нар өөрсдөө ч бас Заамар гэх мэт уул уурхайн ордуудын
орчин тойронд эргэлддэг.

Заамарын Засаг дарга Д.Болормаа энэ
тухай "2007 онд Заамарт 10 мянган нинжа ирсэн. Тэдний нөхцөл байдал маш
муу байсан. Гэхдээ тэднийг нутагт нь буцаахын тулд Засгийн газраас
томоохон кампанит ажил өрнүүлсэн. Одоо манай нутгийн хүн ам цөөрчихөөд
байгаа. Хэдий тийм боловч нинжа нар ирсээр л байна" хэмээн ярив.

Одоо
Монголын нинжа нар хөгширч байна. Бас тэдний нөхцөл байдал муудахын
хэрээр алтны төлөө улайран дайрцгаах болж. Байгаль хамгаалагч сайн дурын
ажилтан Ц.Мөнхбаяр "Нөхөн сэргээлт хийхээс татгалзсан уул уурхайн
компаниудын орхисон нүхэн дээр нинжа нар ажилладаг. Хэрэв бид
компаниудтай тохиролцож чадахгүй бол нинжа нартай хэзээ ч учраа олохгүй"
гэсэн юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж