Дундговь аймгийн ИТХ-д шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн ИТХ-д шаардлага хүргүүллээ

“Дундговь-
Газар шороо” хөдөлгөөн болон тус аймгийн төрийн бус байгууллагууд
хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Эдгээр иргэд тус аймагт үйл ажиллагаа
явуулж буй Хятадын “Шанжин орд” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж,
Дундговь аймгийн ИТХ-ын даргад шаардлага хүргүүлээд байгаа юм байна.

Энэ талаар тус төрийн бус байгууллагуудын холбооны тэргүүн Б.Мөнхболороос зарим зүйлийг тодрууллаа.

-Аймгийнхаа ИТХ-д шаардлага хүргүүлж байгаа гэлээ. Ямар үндэслэлээр шаардлага хүргүүлж байгаа юм бэ?

-Манай
хөдөлгөөнийхөн төрөлх нутгийнхаа байгалийн ашигт малтмалаа хайрлан
хамгаалах асуудлаар шаардлага хүргүүлж байна. Шаардлага хүргүүлж байгаа
учир нь Дундговь аймгийн нутагт Орон нутаг хөгжүүлэх санд уул уурхай,
ашигт малтмалаас орсон орлого, улсын төвлөрсөн арга хэмжээнд зориулсан
хандив тусламжийг юунд зарцуулж байгааг ард түмэндээ тоо баримттайгаар,
ил тод мэдээлэх, аймгийн нутагт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж
байгаа ашигт малтмалын болон хайгуулын лицензтэй бүх компаниудтай
байгуулсан гэрээ, түүний биелэлт, нийгмийн хариуцлага, нөхөн сэргээлтийн
гүйцэтгэл, мэдээллийг олон нийтэд мэдээлэх. Мөн уул уурхайгаас болж
сүйдсэн газруудад нэн даруй сэргээлт хийх гэсэн шаардлагыг тавьж байна.

-Яагаад энэ шаардлагуудыг тавих болсон юм бэ?

-Манай
аймгийн нутагт уул уурхай, хайгуулын чиглэлээр  үйл ажиллагаа явуулж
буй комдпаниуд нийгмийн хариуцлага байхгүй, ихэнхи нь хууль бусаар
лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь байгаль орчинд хор
хөнөөлтэйгээс гадна , тухай газар нутагт амьдарч байгаа иргэд уух усгүй
болоход хүрээд байна. Манай хөдөлгөөнүүд эдгээр компаниудтай жилийн
өмнөөс тэмцэж эхэлсэн. Гэтэл бидний хийж байгаа ажлын хууль хяналтынхан
шалгах биш харин ч биднийг дарамталж, хууль буй үйл ажиллагаа явуулж буй
компаниудын эрх ашигт нийцсэн шийдвэрийг аймгийн Засаг дарга гээд
холбогдох албаныхан дэмжсээр ирсэн. Тиймээс бид олон нийтэд хандахаас
өөр аргагүй болсон. Цаашид бид Хамаг монголын газар шороо, гол нууруудын
хөдөлгөөн зэрэг ТББ-уудтай хамтарч ажиллаж, тэмцэхээ энэ удаад мэдэгдэж
байгаа юм.

-Дундговь аймагт зөвшөөрөлтэй хэдэн уул уурхай болон хайгуулын компани байдаг юм бэ?

-Аймгийн
нийт газар нутгийн 16 хувьд лизенц олгогдсон гэдэг. Гэтэл бодит байдал
дээр энэ тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ давсан байгаа юм. Тухайлбал,
Баянжаргалан сум гэхэд нутгийнх нь 85 хувь лицензтэй уул уурхайн
компаниудаар сэндийчлэгдэн ухагдсан байна. Өлзийт суманд 10 жилийн турш
нөхөн сэргээлт хийхгүйгээр Ураны хайгуул хийсээр байгаа. Хайгуулын
компаниудаас болж зарим сум угүй болсон. Угаасаа ус ховор учраас уул
уурхай, хайгуулын компаниуд усыг нь ашиглахаар усны хомсдолд орох аюул
нүүрлээд байна.

-Та бүхний тэмцэл хэдхэн сарын дараа болох
улстөрийн зорилготой тэмцэл гэж харагдахаар байна л даа. Хэзээнээс
тэмцэж эхэлсэн юм бэ?

-Сонгуулийн шоу мэт харагдаж байгаа
байх л даа. Гэхдээ яг энэ үеийг ашиглаж бид эрх баригчдаас энэ хууль бус
үйл ажиллагааг зогсоож, байгаль дэлхийгээ аварч, усны хомсдолд орох
аюулаас иргэдээ авраач гэж хүсч байгаа юм. Ингэж байж энэ асуудлыг
шийдэх боломж бүрдэж байгаа юм. Тэмцлийн хувьд бид жил гаруйн өмнөөс
эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй, ямар нэг дарамт шахалтад орох гээд
асуудал зөндөө тулгарч байсан.

-Шаардлагын хариуг хэзээ авах вэ. Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?

-Шаардлагын
хариуг тавдугаар сарын 10-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон
“Дундговь-газар шороо” хөдөлгөөнд бичгээр ирүүлэхийг хүссэн.  Хэрэв
тодорхой арга хэмжээ авахгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ.

-Танай аймгийн Засаг дарга Д.Чандмань АТГ-т шалгагдаж байгаа. Энэ асуудалд ямар нэг байр сууриа илэрхийлсэн үү?

-Аймгийн
Засаг дарга нь тоохгүй байгаа. Бид олон удаа шаардлага хүргүүлж,
лицензийн тухай мэдээллийг олон нийтэд танилцуулахыг удаа дараа
шаардсан. Гэтэл авч хэлэлцэхгүй, харин ч шаардлага өгсөн хүмүүсийг
дарамтлах, цагдаагийн байгууллагаар шалгуулах зэрэг үйлдлийг хийж
байсан. Харин энэ удаад шаардлагын дагуу ямар нэг хариу өгөхгүй бол бид
АТГ болон бусад холбогдох албаныханд хандах болно.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж