Николя Саркози сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байжээ | News.MN

Николя Саркози сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Николя Саркози сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байжээ

Францын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтын дүн гарчээ. Санал хураалтад нийт 45 сая иргэн оролцсон аж. Францын сонгуулийн тухай хуулиар бол эхний шатанд олонхийн санал авч ялагч тодроогүй тохиолдолд дараагийн шатны сонгуулийг зохион байгуулдаг. Одоогийн Ерөнхийлөгч Николя Саркозид ихээхэн найдлага тавьж байсан ч тэрбээр санал хураалтаар тэргүүлж чадаагүй юм. Харин зүүнийг баримтлагч үзэлтэй Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олланд нийт саналаар тэргүүлжээ. Гэхдээ дараагийн шатны сонгуульд дээрх хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөх нь тодорхой болов. Тус улсын Сонгуулийн хорооны мэдэгдэж буйгаар Франсуа Олланд 28.4 хувийн санал авсан бол Николя Саркози 27 хувийн санал авчээ. Энэ удаагийн сонгуульд нийт 10 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Барууны үзэлтэй Үндэсний фронт намаас нэр дэвшигч Марине Ле Пен 18.3 хувийн санал авч дээрх хоёр өрсөлдөгчтэй саналын тоогоор ойртсон аж. Марине Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуульд ийм өндөр санал авсан нь тус намын түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг ажиглагчид онцолсон аж.

Ирэх сарын 6-нд болох хоёрдугаар шатны санал хураалтад Франсуа Олланд ялалт байгуулах магадлал тун өндөр болсон талаар шинжээчид дүгнэж байна. Тэрбээр сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцуулсны дараа "Хамгийн өндөр санал авч ялалт байгуулсандаа маш их баяртай байна. Одоо л өөртөө итгэх итгэл маань нэмэгдэх шиг боллоо. Бид эв нэгдэлтэй, хүчтэй байх хэрэгтэй. Надад санал өгсөн нийт ард түмэндээ талархаж байна. Миний ялалт бол намайг дэмжигчид болон дэмжсэн хүмүүсийн баяр төдийгүй францчуудын баяр байгаасай гэж хүсэж байна. Өрсөлдөгч Николя Саркози өөртөө хэтэрхий итгэлтэй байсан" хэмээжээ.

Харин Николя Саркози "Энэ удаагийн нэгдүгээр шатны санал хураалтад тийм ч ач холбогдол өгөхгүй байна. Учир нь дараагийн шатанд жинхэнэ өрсөлдөөн гарна. Тиймээс санаа зовсон нэгэн нь тайван байж болно. Дараагийн шатанд эргэн уулзъя" хэмээжээ. Тэрбээр хоёрдугаар шатны сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн ч нөхцөл байдал ширүүсэх нь ойлгомжтой болж байна.

Бусад нэр дэвшигчийн хувьд нэгдүгээр шатны сонгуульд Гаучийн фронтын Жан-Лук Мелечоно 11.4 хувь, Ардчилсан намын Франсуа Баярон 9.1 хувийн санал авсан байна. Сонгуульд нэр дэвшигчдийн судалгааг хариуцсан мэргэжилтнүүдийн онцолж буйгаар "Франсуа Олланд ялалт байгуулах юм бол шинэ Франц улс бий болно" гэжээ. Шинэ Франц улсын ирээдүй, хөгжил дэвшлийн шинэ бодлого гээд олон зүйл өөрчлөгдөхийг иргэдэд ойлгуулах сурталчилгаа хийж байгаа юм байна. Хэрэв анхан шатны санал хураалтын дүнгээс дараагийн шатны дүр зургийг гаргавал Франсуа Олланд 45-48 хувийн санал авах боломжтой бөгөөд түүний гол өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Николя Саркози 31-34 хувийн санал авч магадгүй аж.

Социалист намаас өрсөлдсөн Франсуа Олландын мөрийн хөтөлбөрт Франц улсад цагаачлалын журмаар иргэншил авсан лалын буюу исламын шашинтнуудын тоог хязгаарлах, эдгээр шашинтнуудад өндөр шалгуур тавьж Францын иргэн болгох асуудал тус тус багтсан. Хамгийн хачирхалтай нь Николя Саркози өмнөх сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгч болох үед лалын шашинтнуудад тавих хяналтыг чангатгана, тусгай бодлого явуулна гэж амлаж байсан ч бүтэлгүйтсэн.

Сонгуулийн өмнөхөн Францын Тулуз хотод лалын шашинтай нэгэн залуу террорист халдлага үйлдсэн нь Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагасан явдал болсон юм. Франсуа Олланд энэ талаар хатуу бодлого явуулахаа амласан нь иргэдийн дунд нэр хүнд нь өсөх шалтгаан болоод байна. Учир нь өнөөгийн Францын нийгэмд ислам хүнийг иргэншлээр бүртгэхгүй байхыг ард түмэн хүсэж байгаагийн нэг тод жишээ юм.

Франсуа Олланд улсынхаа эдийн засгийн бодлогыг төрийн зохицуулалтаар шийдвэрлэх бодолтой байгаагаа илэрхийлж байсан аж. Эдийн засгийн бодлогын гол зангилаа нь тус улсын томоохон үйлдвэрлэгчид гадаадад салбараа байгуулж, Франц дахь ажилчдаа цомхтгож байгаатай холбоотой. Үүний улмаас ажилгүйдлийн түвшин ихэсч, гэмт хэргийн тоо нэмэгдсээр байгаа аж. Николя Саркозийн ийм бага санал авах болсон шалтгааныг ажиглагчид үйлдвэрлэгчдэд төрөөс татаас олгож эхэлсэн ч энэ нь хэтэрхий оройтож авсан арга хэмжээ байсан хэмээн тайлбарлаж байна. Хотын бодлогын Төрийн нарийн бичгийн дарга асан Фадела Амара, Жак Ширакийн Засгийн газрын Экологийн сайд асан Корин Лепаж нар Ф.Олландыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Францын сонгуулийн хорооноос "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэвийн болдоо. Сонгуулийн санал хураалтын үеэр ямар нэгэн маргаан, хууль бус, шударга бус зүйл гараагүй. Сонгууль 99 хувь шударга болсон. Дараагийн шатны сонгуулийн дүн манай улсын Ерөнхийлөгчийг тодорхойлох болно. Хоёр нэр дэвшигч өрсөлдөнө. Хоёр дахь шатны санал хураалт шийдвэрлэх тул илүү их анхааралтай зохион байгуулах болно" гэсэн тайлбарыг францчуудад өгсөн юм.

Б.БААТАР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж