2012 оны 04 сарын 5-6-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо явагдсан “Тува: соёл, зан заншлын бэлчир” сэдэвт аялал жуулчлалын олон улсын форумд оролцож Монголын бусад аймгууд, ОХУ-ын Сибирийн тойргийн улсуудын төлөөлөл оролцсон дугуй ширээний уулзалтад ЗДТГ-ын хөгжлиййн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд “Увс аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж санал бодлоо солилцон харилцан туршлага судлав.
Мөн өдөр Тува улсын Засгийн газрын Тэргүүн Ш.В. Кара-оол Засгийн газрын Тэргүүнээр дахин сонгогдсоны тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Э.Цасчихэр оролцлоо. Уг арга хэмжээнд Монгол улсаас Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгууд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сибирийн тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч, Сибирийн тойргийн улсуудын / БНХакаси, Алтайн хязгаар, Красноярск муж/ Засгийн газрын тэргүүн нар хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2. Увс аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-ын Красноярск мужид хийсэн айлчлалын талаар
Увс аймгийн Засаг дарга тэргүүтэй төр захиргааны байгууллага, бизнесийн төлөөллийн 10 хүн, мөн Монгол улсаас Кызыл хотноо суугаа Ерөнхий консул генерал Д.Базарсад нар ОХУ-ын Красноярск мужийн Амбан захирагч Л.В.Лкузнецовын урилгаар 4 сарын 8-10-ны өдрүүдэд Красноярск мужид ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчдийн Красноярск мужид хийсэн айлчлал Ермаков районаас эхэлж тус дүүргийн дарга Борис Ситников хүлээн авч Ергаки байгалийн цогцолбор газрын үйл ажиллагаа, дэд бүтэц, хамгаалалтын захиргаа, жуулчны баазын амрах нөхцлийн талаар танилцуулж, улмаар ОХУ-ын Онцгой байдлын яамны Сибирийн тойргийн аврагчдын дасгал сургуулилт, сургалтын базын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцав.
Тус дүүргийн захиргааны удирдлагуудтай хийсэн уулзалтаар Талууд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүүхдүүд солилцон амрааж сувилах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Мөн хамтын ажиллагааны эхлэл болгож Ермаковын дүүрэгт Монголын талтай хамтран ХАА-н үзэсгэлэн худалдаа зохион байгуулах асуудлыг санал болгосныг аймгийн удирдлагууд дэмжихээ илэрхийлэв.
04 сарын 09-нд Красноярск мужийн Засгийн газрын ордонд хийсэн ажил хэргийн эхний өдрийн уулзалтанд тус мужийн Амбан захирагчийн гадаад харилцааны газрын дарга И.Б.Степаненко, Төв Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Худых Н.П, орлогч дарга Шагеев Р.Марсович нар, тус худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож Красноярск мужийн танилцуулга, эдийн засгийн ололт амжилт, хөгжил дэвшлийн талаар, мөн манай аймагтай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал бодлоо хуваалцав.
Төв Сибирийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Худых Н.П хэлэхдээ өнгөрсөн онд тус мужийн төлөөлөгчид Монгол улсад айлчилж харилцаа холбоог өргөжүүлэх талаар ихээхэн анхаарах болсныг дурьдаад бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд хил гаалийн ажлыг чанаржуулах, тээвэрлэлтийн болон бараа бүтээгдэхүүнийг хадгалах байр савны асуудлаар ярилцав. Тэрээр Красноярск мужийн бизнес эрхлэгчид Монголоос мах экспортлохоос гадна хөнгөн хүнсний үйдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, Красноярск мужид Монголын худалдааны төвийг нээн ажиллуулах боломж бүрэн байгаа талаар тодорхой саналууд тавилаа. Увс аймгийн зүгээс дээрх саналыг дэмжин Увс аймагт нэн шаардлагатай байгаа мод, модон материал, барилгын материалыг Красноярск мужаас нийлүүлэхэд талууд харилцан бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэн ажиллах шаардлагатай байгааг дурьдлаа.
Айлчлалын үеэр Увс аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Красноярск мужийн Амбан захирагч Лев Владимирович Кузнецов хүлээн авч уулзан олон жилийн найрамдалт харилцаатай манай хоёр орон уламжлалт харилцаагаа сэргээж байгаа нь сайшаалтай байгааг дурьдлаа. Аймгийн Засаг дарга энэ удаагийн Красноярск мужид хийж буй айлчлал нь тус мужтай ХАА-н салбарт тодорхой чиглэлээр хамтран ажиллах санал тавих, мөн аялал жуулчлал, нийгмийн бусад салбарт хамтран талаар хэлэлцэн тохирох зорилготой ирснээ илэрхийлэв. Красноярск мужийн Амбан захирагч Увс аймгийн Засаг даргын тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд бүс нутгуудын хамтын ажиллагааны хөгжлийн талаар тодорхой чиглэлээр санал солилцон яамдын сайд нартаа энэ талаар тусгайлан уулзалт хийх үүрэг чиглэл өгөв.Кызыл хот дахь Монгол улсын Ерөнхий консул Д.Базарсад Красноярск мужийн бизнес эрхлэгчид, төр захиргааны байгууллагын төлөөллүүдэд Монгол улсад зорчих виз олгох асуудал нээлттэй бөгөөд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Айлчлалын үеэр төлөөлөгчид ОХУ-даа 2-рт ордог Красноярскийн усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж Красноярск мужийн мод боловсруулах зарим үйлдвэрийн газруудаар очлоо.
Айлчлалын 2 дахь өдөр Увс аймгийн төлөөлөгчид Красноярск мужийн ХХААЯ-ны сайд Леонид Шорохов, түүний орлогч сайд нар, бизнесийн төлөөллүүдтэй ажил хэргийн уулзалт хийв. Энэ үеэр Красноярскийн талаас Монголын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан тодорхой хэмжээний хүнсний болон ХАА-н бүтээгдэхүүн нийлүүлэх, үүний дотор мах сүүний чиглэлийн сайн үүлдрийн үнээ нийлүүлэх, үр тарианы шинэ сортыг авч нэвтрүүлэх, мөн мод, модон материал нийлүүлэх, Монголын талаас мах, ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилан тохиролцов.
Энэ удаагийн айлчлал нь талуудын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, нөөц бололцоог судлах зорилготой анхны уулзалт бөгөөд Увс аймаг болон Красноярск мужийн захиргааны хооронд дээрх ярьж хэлэлцсэн бүх асуудлыг тусгасан хамтын ажиллагааны гэрээний төслийг боловсруулан дараагийн уулзалтаар баталгаажуулахаар тохирч эдийн засаг, бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, хүүхдүүдийг сувилах амраах чиглэлээр хамтран ажиллах асуудлаар байнгын мэдээлэл солилцож байхаар тохиролцлоо.
Увс аймгийн Засаг даргын ОХУ-ын Красноярск мужид хийсэн энэхүү айлчлал нь Красноярск муж болон Монгол улсын хооронд удаан хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Красноярск муж нь ОХУ-ын нэг субъект бөгөөд газарзүйн байрлалын хувьд ОХУ-ын төв хэсэгт буюу дорнод Сибирийн заагт Енисей мөрний сав газарт оршдог. 2339,7 мянган кв.км газар нутагтай, энэ нь ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн 14% эзэлдэг, Газар нутаг нь хойд талаас өмнөд Сибирийн уулархаг бүс хүртэл 3000км сунаж тогтосон.
Тус муж нь 2,838,0 сая хүн амтай, үүнээс нийслэл Красноярск хот удахгүй 1 сая дахь иргэнээ хүлээн авах юм байна. Красноярск муж нь Красноярск, Ачинск, Енисейск, Канск, Лесосибирск, Минусинск, Норильск, Игарка, Дудинка зэрэг томоохон 15 хотуудтай, 42 дүүрэгтэй, 484 засаг захиргааны бусад нэгжүүдтэй. Уур амьсгалын 3 бүстэй, ерөнхийдөө манайтай төстэй уур амьгалтай,1 сард агаарын дундаж хэм хойд бүс нутагтаа -36 градус С , өмнөд бүсдээ -18 градус хүрдэг.
Нийт нутаг дэвсгэрийн 70% ой мод эзэлдэг, үүний ихэнхи хувийг навчит мод /гацуур, хар мод,хуш,царс/ эзэлдэг, 450 гаруй төрлийн ургамал ургадаг ба эдгээрийг үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. 342 төрлийн шувуу, 89 төрлийн сүүн тэжээлтэн оршдог, 600,000 толгой хойд туйлын цаа буга бий. Өндөр уулын бүс Саяны нуруунд нэн ховор амьтад болох улаан чоно, ирвэс, янгир, аргал бий. ОХУ-ын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох Енисей мөрөн нь 4092 км урт бөгөөд Саяны нуруунаас эх авдаг билээ. Нийт 323 мянган нууртай, нутгийн өмнөд хэсгээр эмчилгээний шавар, рашаан бүхий нуурын цогцолбор оршдог ба жил бүр 80,000 хүн амралт сувилалын газруудаар эмчлүүлдэг байна.
Ашигт малтмал
Красноярск муж нь байгалийн асар их нөөцтэй, 6000 гаруй төрөл бүрийн ашигт малтмалын орд газар нээгдсэн. Орос улсын нүүрсний нөөцийн 70%, мөн никель, алтны олборлолтоор ОХУ-д тэргүүн байр эзэлдэг, нийт улсын алтны нөөцийн 20% олборлодог. Красноярск мужид нефть ба хийн 25 орд газар нээгдэж олборлолт явуулж байгаа юм байна.
Тус муж нь байгалийн асар их нөөцтэй учраас хөрөнгө оруулалт их хийгддэг. 2011 онд гэхэд 300 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.