Лондонгийн олимпийн угтал болгон зохион байгуулж буй Шекспирийн дэлхийн наадам эхэллээ. Шинэ Зеландын “Нкагау Тоа” театрын уран бүтээлчдийн дайны ёсолгоо хэмээгддэг уламжлалт бүжгээр уг наадам эхлэв. Шивээсээр гоёсон нүцгэн гуй гялалзуулан бүжих бүжиг алдарт “Глоб” театрын тайзнаа тун содон харагдлаа. Шекспир амьд ахуй цагтаа өөрийн олон жүжгийг тоглуулж байсан энэ театрт наадмын гол арга хэмжээнүүд болно.
Өчигдөр нээгдсэн наадмын үеэр дэлхийн 37 орны театр өөр өөрсдийн хэлээр Шекспирийн жүжгүүдийг тоглох юм. Тухайлбал, Хятадын төв театр “Ричард 3”, Афганистаны жүжигчид “Эндүүрлийн хошин шог”, БНСУ-ын театр “Шуурга” жүжгийг нь тоглох ажээ. Тэр ч байтугай Британийн хэлгүй жүжигчид дохионы хэлээр нэгэн жүжгийг нь амилуулах гэнэ.
“Шекспир зөвхөн Английн зохиолч, яруу найрагч байгаагүй. Тэр дэлхийн урлагт данстай уран бүтээлч гэдгийг нь батлан харуулахын тулд энэ арга хэмжээг зохион байгуулж байна” хэмээн наадмын захирал Том Брид онцлов.