“Сайдын асуудлаас сонгуулийн хууль нь чухал”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Сайдын асуудлаас сонгуулийн хууль нь чухал”

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг хэлэлцээд НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах шийдэлд хүрчээ. Ийм шийдлийг гаргаснаараа МАН нь сонгуулийг цаг хугацаанд нь явуулъя гэдэг зорилгын төлөө цөөнхийн бүлэгт бууж өгч байгаа нэг хэлбэр гэж бүлгийн дарга онцоллоо. Мөн эл хуулийн төсөлтэй холбоотойгоор аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг тусад нь буюу намар зохион байгуулах нь зөв юм гэж бүлэг үзсэн байна. Түүнчлэн цөөнхийн бүлэг аль нэг асуудал дээр хугацаагүй завсарлага авч байгааг хязгаартай болгох. Эл асуудлыг хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дээд тал нь хэд хоногийн завсарлага авах вэ гэдгийг дараа нь тохирч болно гэж үзжээ. Ямар ч байсан энэ асуудлыг зохицуулах хүрээнд боловсруулагдсан хуулийн төсөлд бол бүлэг завсарлага авах тохиолдолд 14, 10 хоногоор авна гэсэн ялгаатай заалтууд байдаг гэнэ.

Ямар ч байсан УИХ дахь МАН-ын бүлэг дээрх саналуудаа УИХ дахь Ардчилсан намын бүлэгт бичгээр хүргүүлсэн байна. Тиймээс тус бүлэг хуралдаад эргүүлээд УИХ дахь МАН-ын бүлэгт хариу өгөх ёстой болж буй аж.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг бүлгээр яагаад хэлэлцэхгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Хэлэлцэнэ. Ц.Нямдоржийн сайдын асуудлаас илүү чухал асуудал Орон нутгийн сонгуулийн тухай хууль болчихоод байна. Тиймээс эхний ээлжинд энэ асуудлаа шийдэх нь чухал. Мөн энэ пүрэв гаригт УИХ-ын сонгуулийн товыг зарлах ёстой. Тэгэхээр нэг сайдын асуудлаас илүүтэй энэ асуудал нь чухал байна шүү” гэж хариулсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж