Аархусын конвенцийн талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Аархусын конвенцийн талаар зөвлөлдөнө

Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай Аархусын конвенц гэж байдаг. Түүнийг НҮБ-ын Европын эдийн засгийн хороо (ЕЭЗХ)-ноос Дани улсын Аархус хотноо 1998 оны зургадугаар сарын 25-нд баталсан ба 2001 оноос хүчин төгөлдөх болжээ. 2011 оны аравдугаар сарын байдлаар тус конвенцид 45 улс нэгдэн орсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох нь” сэдэвт Зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2012 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд зохион байгуулж, Аархусын конвенцийн ач холбогдол, Монгол Улс уг конвенцид нэгдэн орох хэрэгцээ шаардлагын талаар санал солилцох юм. Ялангуяа  байгаль орчны асуудлаарх иргэдийн оролцооны байдал, тулгамдаж буй асуудлуудыг дүгнэн, тэдгээрийг шийдвэрлэхэд Аархусын конвенц ямар ашиг тустай байж болохыг хэлэлцэнэ. 

Зөвлөлдөх уулзалтад Конвенцийн хорооны болон конвенцид нэгдсэн орны төлөөлөгчид, төрийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцон байр сууриа илэрхийлнэ. Түүнчлэн байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, хөдөө орон нутгийн иргэд, орон нутгийн байгаль орчны ажилтнууд оролцоно.

Лавлах

  • Аархусын конвенц гэж юу вэ?

Аархусын конвенц нь хүний эрх, байгаль орчны асуудлыг холбож өгсөн, энэ талаарх аливаа шийдэлд иргэдийн оролцоог хангах процессын эрхүүдийг цогцоор нь анх удаа хуульчилсан, байгаль орчныг хамгаалах явдлыг Засгийн газрын үүрэг хариуцлагатай холбон,  хариуцлагатай, ил тод байхыг сануулсан ихээхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны асуудлаарх олон нийтийн бодит оролцоог төр засгийн түвшинд хүлээн зөвшөөрсөн байгаль орчны гэрээ гэж үзэж болно.

  • Монгол Улс Аархусын конвенцид нэгдэн орохын ач холбогдол

-Иргэд байгаль орчны мэдээллийг саадгүй олж авах боломжтой болно.  Ямар мэдээллийг хэнээс хэрхэн олж авах нь тодорхой болно.

-Өөрсдийн газар нутаг, байгаль орчинд нь нөлөө үзүүлэх бүх төрлийн үйл ажиллагаатай холбоотой зөвшөөрөл, шийдвэрт бодитой оролцох боломжтой болно. Өөрөөр хэлбэл, төрөөс олгох гэж буй тухайн шийдвэр, явагдах гэж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авсны үндсэн дээр, саналаа бэлтгэн бодитойгоор оролцох, гарах шийдвэрт саналаа тусгуулах эрхийг хэрэгжүүлэх тодорхой механизм бий болно.

-Иргэдэд мэдээлэл өгөлгүй, саналыг нь авалгүй гаргасан аливаа шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах эрх зүйн нөхцөл нээгдэнэ.

  • Аархусын конвенцийн агуулга

Конвенцид нэгдэн орсон улс орнуудад байгаль орчны асуудлаарх олон нийтийн оролцооны ил тод, тодорхой, тууштай механизмыг бий болгох шаардлагатай эрх зүйн болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Оролцоог хангахтай холбоотой процессын эрхүүдийг цогцоор нь баталгаажуулж, тэдгээр эрхийг хэрэгжүүлэх үүргийг төр засагт ногдуулсан байна.

  • Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах эрх

-“Байгаль орчны мэдээлэл” гэдэгт юуг хамруулж болох талаарх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан; 

-Иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулан, төрийн албан тушаалтнаас олон нийтэд мэдээлэл өгөх хугацаа, хэлбэр, мэдээлэл өгөхөөс татгалзах үндэслэл, журам зэргийг нарийвчлан зохицуулсан;

  • Байгаль орчны асуудлаар шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог хангах нь

-Байгаль орчны асуудлаар шийдвэр гаргах үйл явцын талаарх тодорхой мэдээллийг хамгийн боломжтой хувилбараар аль болох эрт, цаг хугацааг харгалзсан, үр дүнтэйгээр, зохих арга замаар холбогдох талуудад мэдээлэх үүргийг улс орнуудад хүлээлгэсэн;

-Байгаль орчны асуудлаар гаргах гэж буй шийдвэртэй холбогдох, олон нийтэд тараах мэдээлэлд юу орж болохыг нарийвчлан тодорхойлсон;

  • Байгаль орчны зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулах нь

-Иргэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аль нь ч байгаль орчны асуудлаар мэдээлэл авах эрх нь зөрчигдсөн гэж үзвэл энэ талаарх нэхэмжлэлийг шүүхэд болон бусад байгууллагад гаргаж болох ба маргаанаа үнэ төлбөргүй, эсхүл хямд зардлаар шийдвэрлүүлэх боломжийг төрийн зүгээс баталгаажуулах;

-Төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь байгаль орчны хуулийг зөрчсөн гэж үзвэл шүүх болон бусад байгууллагад өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг дотоодын хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээдүүдэд олгосон. Үүний дотор байгаль орчны ТББ-уудад нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй олгосон.

  • Монгол улс Европын бүсийн энэхүү конвенцид нэгдэн орох боломжтой юу?

Конвенцийн үйлчлэх хүрээ нь газар зүйн хувьд хязгаартай боловч Конвенцийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтын дагуу Европын холбооны гишүүн бус улсууд нэгдэн орж болох талаар Европын холбоо болон НҮБ-ын гишүүн улсуудын хооронд хийгдсэн тохиролцооны дагуу аль ч улс энэхүү конвенцид нэгдэж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж