”Эрхээ хасуулсан жолооч нар давтан сургалтад хамрагдана”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

”Эрхээ хасуулсан жолооч нар давтан сургалтад хамрагдана”

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожтой ярилцлаа.

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийг ажиллуулснаар эерэг тал нь юу вэ?

-Манайх 2010 онд нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нийслэлийн бие даасан байгууллага. Мэдээж энэ төвийг байгуулах зайлшгүй шаардлага бий. ЗХУТ нь хоёр үндсэн үүрэгтэйгээр ажлаа явуулдаг. Гудамжинд суурилуулсан гэрэл дохио, хөдөлгөөн мэдрэгч, дэд камер гээд ер нь хөдөлгөөнийг шуурхай удирдах үндсэн үүрэгтэй. Онлайнаар гудамж талбайн гэрэл дохиог шууд удирдаж байгаа.

Мөн замын цагдаагийн зохицуулагчийг олон цагаар зам дээр зогсох ажлаас нь чөлөөлж, тэр хүн замыг зохицуулж зогсох бус замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байгаа иргэдэд хариуцлага тооцох үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь нөлөөлнө. Өдөр шөнийн турш 24 цаг замын хөдөлгөөний бүх мэдээллийг шуурхай хүргэдэг. Зөрчил гаргасан жолооч нарын мэдээллийг баталгаажуулж өдөрт нь Замын цагдаагийн газарт хүргүүлдэг.

Ингэснээр замын хөдөлгөөний аюулаас тодорхой хэмжээгээр сэргийлэх боломж бүрдэж байна гэсэн үг. 26 камерийн 24 цагийн бичлэгийг cap орчим хадгалдаг. Зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бичлэгийг харуулах боломжтой. Мөн замын хөдөлгөөний менежментийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэргэжлийн түвшинд саналуудыг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн үг. Аваар осолгүйгээр аль болох богино хугацаанд хотын хоёр зах руу зорчих боломжийг бүрдүүлж өгөхөд хөдөлгөөний зохион байгуулалт хийхийг менежмент гэж хэлээд байгаа юм.

Тухайлбал, байнга бөглөрөөд байдаг уулзварыг судалж үзээд юунаас болж бөглөрөл үүсч байгаа шалтгааныг нь олж тогтоогоод холбогдох байгууллагуудтай хамтран зөв шийдлийг гаргах асуудал. Бид Замын цагдаагийн газар, Нийслэлийн авто замын газар, Авто тээврийн газартай байнгын уялдаатайгаар ажлаа явуулдаг.

-ЗХУТ-ийг байгуулаагүй байхад хөдөлгөөнийг хэрхэн зохицуулдаг байсан юм бэ?

-Өмнө нь ажиллах горимыг нь хийгээд суулгачихдаг байсан. Өөрөөр хэлбэл зам нь бөглөрөлтэй байгаа хэсэгг улаан гэрэл асч нөгөө урсгал чөлөөтэй байхад ногоон гэрэл асаад байж байх жишээтэй. Тэгвэл энэ төвийг нээснээр замын ачааллыг шууд удирдлагынхаа дэлгэцээрээ хянан ачаалал ихтэй байгаа урсгалыг гэрлэн дохиогоороо зохицуулж урсгалыг чөлөөлөх ажлыг операторууд хийж байна. Ачаалал ихтэй байгаа хэсэгт ногоон гэрлийг асааж хөдөлгөөнийг сийрүүлж зохицуулдаг.

Мөн шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдон хамтран ажилладаг. Нэг ёсондоо замын хөдөлгөөнийг хянаж, мониторинг хийж, удирдах тэр бүх боломжийг энэхүү төвөөрөө дамжуулан зохион байгуулж байна.

-Замын хөдөлгөөний мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэдэг вэ?

-Замын хөдөлгөөний шуурхай мэдээллийг Улаанбаатар телевизээр шууд эфирээр 8 цаг 20 минутад, 14 цаг 20 минут, 18 цаг 20 минутад замын хөдөлгөөний бодит мэдээллийг эфирт шууд цацаж байгаа. Мөн "Eagle телевиз", FM 96.3, ITS.mn сайтаар замын хөдөлгөөний байдлын талаарх мэдээллийг шууд авч болно. Хэмжилзүйн үндэсний төв, X хороололд хоёр газар мэдээллийн самбарыг байрлуулан замын хөдөлгөөний бодит мэдээллийг хүргэж байна.

-Замын хөдөлгөөнд оролцогчдын зөрчлийг арилгуулах тал дээр ямар ажлууд хийгддэг вэ?

-Бид ЗЦГ-т мэдээллийг хүргэдэг бөгөөд тэр ЗЦГ мэдээллийн дагуу зарим нэг зөрчлийг газар дээр нь арилгах, олон удаа давтан зөрчил гаргасан иргэдийн эрхийг хүртэл хасах арга хэмжээ авч байна. Тэгэхээр та замын хөдөлгөөний соёл гэдэг зүйлийг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай.

-Жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй, соёлгүй оролцдог тухай хүн бүр ярьдаг. Замын хөдөлгөөний соёлыг иргэдэд хэрхэн эзэмшүүлэх ёстой вэ?

-Бид иргэд, хамт олонд хөдөлгөөний соёл, соён гэгээрүүлэхэд тус нэмэр болох үүднээс сургалтуудыг зохион байгуулдаг. Жолооны эрхээ хасуулсан иргэд манай төвд сургалтад хамрагдан номын дуу сонсож эрхийн бичиг аван дараа нь замын цагдаад шалгалтаа өгч эрхээ сэргээлгэдэг.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарыг төвөөрөө зочлуулан өөрсдийн гаргасан зөрчлийг нь харуулан дахин зөрчил гаргахгүй байх ухамсрыг бий болгохоор зорьж ажилладаг. Цэцэрлэг арван жилийнхэн дуртай үедээ багштайгаа ирж манай төвийн үйл ажиллагаатай танилцаж замын хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлын талаар бүрэн цогц мэдээллийг авч байгаа.

-Замын хөдөлгөөний түгжрэл хүн бүрд тулгамдсан асуудал болчихсон энэ үед хэрхэн зохицуулж болох вэ?

-Замын бөглөрлийг бууруулах гурван арга бий. Тухайлбал, шинээр зам тавих, нийтийн тээврийн үйлчилгээг улам боловсронгуй болгох, сүүлчийн арга нь замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажиллуулах. Зам тавих, нийтийн тээврийг боловсронгуй болгоход асар их мөнгө хөрөнгө, хугацаа шаардагдана. Хамгийн зөв шийдэл нь удирдлагын төв ажиллуулах арга байгаа юм. Техник тоног төхөөрөмжөө суулгаад байрлуулчихвал дараа нь гарах зардал тун бага. Энэ аргуудын хувьд үр дүн нь адилхан байдаг юм.

Л.Болорцэцэг
Зохиогчийн эрх: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж