Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар энэ сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.
“НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол Улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвт семинарийг өнөөдөр буюу энэ сарын 24-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүү шүүлтийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна, “Үр дүнтэй урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох төрийн бус байгууллагуудын ажилтнуудад сургалт явуулах юм байна.
Д.ЖАРГАЛ