Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ээлжит бэлгээ задалж байна. Тэд энэ удаад үзэгчдэдээ хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон гал халуун дурлал, үнэнч хайр, тэрхүү агуу их хайрыг дагасан баяр баясгалан, зовлон шаналалыг хурцаар өгүүлсэн “Эсрэг дурлал” драмын жүжгийг анх удаа тоглох гэж байна. Энэхүү жүжгийг зохиолч Б.Галаарид дэлхийн анхны роман гэж зүй ёсоор тооцогддог “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бичжээ. “Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү (жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус) зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгдэж байна. Дэлхийн 30-аад оронд орчуулан энэ романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа аж. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм.
Тус романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” жүжгийг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн УДЭТ-ын тайзнаа тоглох юм. Б.Галааридын “Эсрэг дурлал” драмын жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Д.Түвшинсайхан нар ажиллав. Мөн жүжигт Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Түвшинхүү, Г.Отгонцэцэг, Б.Болормаа, Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Б.Одончимэг зэрэг УДЭТ-ын дунд, залуу үеийн чадварлаг уран бүтээлчид тоглож байна. Харин жүжгийн гол дүр болох гэрэлт ханхүү Гэнжид залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тоглох юм байна.
УДЭТеатрын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэхүү жүжгээр 2012 оны шинэ уран бүтээлээ эхэлж байгаа нь энэ юм. Жүжгийн тасалбарын үнэ 15000 төгрөг гэдгийг сануулья.
М.Урин