Ирак газрын тос олборлолтоо нэмнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Ирак газрын тос олборлолтоо нэмнэ

Газрын тос олборлох хэмжээгээ ойрын хэдэн жилийн хугацаанд хэд дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Ирак улсын Засаг захиргаанаас гаргасан талаар даваа гаригт Иракийн Эрчим хүчний дэд сайд Хусейн Аш Шахристани мэдэгдлээ.

Даваа гаригт Вашигтон хотод болсон АНУ болон Иракийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хурлын үеэр Хусейн Аш Шахристани хэлэхдээ Ирак улс ойрын зургаан жилд олборлох газрын тосны хэмжээгээ өдөрт арван сая баррель хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэжээ. Гэхдээ энэ тоо хэмжээг дахин тооцох шаардлагатай байгаа гэдгийг тэрээр онцолсон байна.

Одоогоор Иракийн Засаг захиргаа газрын тосны 12 компани болон байгалийн хийн гурван компанитай хэлэлцээр хийсэн бөгөөд өдөрт олборлох газрын тос болон байгалийн хийн хэмжээг 12 сая баррель хүргэнэ гэж хэлэлцээрт тусгасан гэж Хусейн Аш Шахристани нэмж хэлсэн юм.

Хуралд оролцсон АНУ-ын Төрийн Департаментийн эрчим хүчний асуудал эрхэлсэн дарга Карлос Паскуаль хэлэхдээ Ирак улс одоо өдөрт гурван сая баррель газрын тос олборлож байгаа бөгөөд энэ үзүүлэлт өнгөрсөн жил 2,7 сая баррель байсан гэж тэмдэглэсэн байна.

Өмнө нь АНУ болон Ирак улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах стратегийн зөвшилцөл байгуулсан бөгөөд хоёр талын ашиг сонирхлыг бэхжүүлэхээр тохиролцсон юм. Хурлын үеэр Иракийн тал дэлхийн газрын тосны зах зээлийн эрэлт болон хэрэглэгчдийн тухай мэдээллийг сонирхсон бол АНУ-ын тал Иракийн газрын тосны салбарыг дэмжих үндсэн саналаа хэлсэн ажээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж