“Олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болно”

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

“Олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болно”

Хөшигийн хөндийд шинээр баригдах нисэх буудлын шавыг өчигдөр тавилаа.
Энэ үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж
сэтгүүлчдийн асуултад доорх хариултыг өгсөн юм.

-Энэхүү нисэх буудал ашиглалтад орсны давуу тал юунд байна вэ?

-Шинэ нисэх буудлыгaбарьснаар агаарын тээврийн үйлчилгээнд тулгарч
байгаа хүндрэлүүдийг арилгах, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг
дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах, агаарын тээврийн эдийн
засгийн өсөлт, хөгжлийг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой. Мөн агаарын
хөлгийн нислэгийн хоёр талын буулт, хөөрөлт хийх боломжтой болж нисэх
буудлын ашиглалтыг одоогийн байгаа 73-98 хувьд хүргэх юм. Олон улсын
стандартаар бол  95 хувьтай байх ёстой. Мөн одоогийн байдлаар цаг
агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалж нислэг саатах нь 
2.3 хувь байна. Үүнийг 0.5 хувь болгож бууруулах боломжтой болно.
Түүнчлэн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах таатай орчин бүрдүүлж,
тээвэрлэлт болон дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

-Шинэ нисэх онгоцны буудлыг хэдэн төгрөгийн санхүүжилтээр байгуулах вэ. Санхүүжилтын асуудлыг хэрхэн зохицуулсан юм бол?

-Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын
ажиллагааны байгууллагаас нисэх онгоц барих төслийн техник, эдийн
засгийн үндэслэлийг тодотгох, тус байгууллагаас олгогдох зээлийн
үндэслэл, хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор урьдчилсан судалгаа
хийсэн. Судалгаагаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ
буудал барих төсөл”-ийн барилгын ажлын нийт төсөвт өртөг 29.9 тэрбум иен
байх тооцоо гарсан. Санхүүжилтэд шаардлагатай мөнгөний 25.5 тэрбум
иенийг зээлийн хөрөнгөнөөс, 4.4 тэрбум иенийг Монголын тал хариуцан
гаргахаар болсон.   

-Дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ. Улаанбаатар хотоос нэлээд зайдуу юм байна шүү дээ?

-Шинэ нисэх буудалд зорчигчдод зориулсан үйлчилгээний төв болон техник
технологийн барилга байгууламжууд барина. Эдгээр байгууламжийн дулаан
хангамжийн эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, цэвэр усны хангалтыг
бие даасан байдлаар шийдвэрлэж, байгаль орчинд эерэг нөлөө бүхий орчин
үеийн өндөр технологийг сонгож хийхээр төлөвлөөд байна. Мэдээлэл
холбооны өндөр хурдны шилэн кабель, нийслэлтэй холбох хурдны автозамыг
барьж байгуулах ажлууд төлөвлөгөөний дагуу  хэрэгжиж байна. Мөн Хөшигийн
хөндий тийш 110 кВт-ын цахилгаан дамжуулах хоёр эх үүсвэр бүхий шугамыг
татах 9.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг эхлүүлээд байна.
Дээрх ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх юм.

-Салбарын сайдын хувьд нисэх буудлын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг цаашид
өргөтгөх, параллель зурвастай болгох, ложистик төв болгох зориулалтаар
том карго терминалийг шинээр байгуулах, перроныг өргөтгөх, зорчигч
үйлчилгээний барилгыг өргөтгөх боломжуудыг зураг төслийг нь
боловсруулахдаа тооцож үзсэн. Шинэ нисэх буудал нь нислэгийн хөдөлгөөний
удирдлага, зорчигчдын үйлчилгээнд зориулагдсан орчин үеийн  тоног
төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарт
тодорхой ахиц бий болж иргэний нисэхийн олон улсын стандарт,
шаардлагуудыг бүрэн хангасан том бүтээн байгуулалт болно гэж бодож
байна.

Р.Сарангоо

“УЛС ТӨРИЙН ТОЙМ”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж