Хил орчмын бүсийн түймрээс сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хил орчмын бүсийн түймрээс сэргийлнэ

1999 ны 7 дугаар сард байгуулагдсан “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмын хүрээнд 2012 оны 4 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод зохион байгуулагдсан “Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх тухай хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-д ОБЕГ-ын дэд дарга Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Энэхүү уулзалт нь Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмын хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд уулзалтад БНХАУ-ын Ойн улсын хороо болон Үндэсний ойн түймэртэй тэмцэх газрын ерөнхий командлагчийн орлогч Дү Юүнь Шень тэргүүтэй төлөөлөгчид, ӨМӨЗО-ны Ойн хороо, Ойн түймэртэй тэмцэх газрын дарга Гао Ши Ли, Хөлөнбуйр хотын орлогч дарга Ван Гуо Лин болон бусад албаны хүмүүс оролцсон.

Манай улс нь БНХАУ-тай нийт 4676 километр газар нутгаар хил залгадаг бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгууд нь ӨМӨЗО-ны Шилийн гол, Хянган зэрэг аймгуудтай 1100 километр газар хил залгадаг нь хил дамнасан ой хээрийн түймэрт өртөх эрсдэл, ой хээрийн түймрээс хамтран сэргийлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа бөгөөд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 2005, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 2010 оноос эхлэн тус бүр ӨМӨЗО-ны хил залгаа аймгуудын ой хээрийн түймэр хариуцсан байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилласан байна.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр улсын хил орчмын бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдсон ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хийж, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улсын талаас урьдчилан сэргийлэх, хяналтын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Д.Бямбацогт, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа Д.Гантөмөр, БНХАУ-ын талаас Үндэсний ойл түймэртэй тэмцэх газрын орлогч дарга Зьао Дө Фа, ӨМӨЗО-ны Ойн түймэртэй тэмцэх танхимын дарга Аянга нар улсын болон аймаг орон нутгийн хэмжээнд гал түймрийн нөхцөл байдлын талаар тус тус танилцуулга хийлээ.

Талууд “Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх тухай хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-ын протоколын төслийг дэлгэрэнгүй авч хэлэлцэж, хоёр улсын үндэсний болон аймаг орон нутгийн түвшний онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд уулзалтын үеэр дараах зүйлийг хэлэлцэн тохиролцсон. Үүнд,

  • Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх харилцах цэгүүдийг Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Онцгой байдлын хэлтэс болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот дахь Онцгой байдлын хэлтсийг түшиглэн ӨМӨЗО-ны Шилийн гол, Хянган аймаг болон Хөлөнбуйр хотын ой хээрийн түймэртэй тэмцэх байгууллагуудтай харилцаж байхаар байгуулах,
  • Ой хээрийн түймрийн нөхцөл байдлаас шалтгаалан хил орчмын бүсийн хамтарсан уулзалтыг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын талд, 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын талд тогтмол зохион байгуулах ба 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хамтарсан уулзалтыг талууд тухайлан цаг товлож БНХАУ-ын талд зохион байгуулах,
  • Ой хээрийн түймрийн нөхцөл байдал үүссэн үед талууд яаралтай уулзалтуудыг зохион байгуулж, түймрийн нөхцөл байдлын мэдээ, зургийг солилцож, гал түймрийг унтраахад харилцан дэмжлэг үзүүлэх,
  • Хил орчмын бүсийн ой хээрийн түймрээс хамгаалах зурвасыг шаардлагатай бүсэд хилийн шугамаас 50-200 метр зайд татна. БНХАУ-ын талаас хил дагуу нийт 1817км зайд зурвас татаад байгаа бөгөөд Монгол Улсын талаас хамгаалах зурвасыг хэсэгчлэн татах арга хэмжээ авах,
  • Ой хээрийн түймэр гарсан нөхцөлд хүн хүчний тусламжийг холбогдох хууль дүрмийн дагуу хялбаршуулсан нөхцөлөөр хил нэвтрүүлэх,
  • Монгол Улсын талаас тавьсан хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх багаж зэвсэглэмжийн чадавхийг сайжруулахад дэмжлэг авах тухай хүсэлтийг хоёр улсын засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрт хамруулах, хил залгаа аймаг хошууны хамтын ажиллагааны хүрээнд техник, тоног төхөөрөмжийн авах талаар БНХАУ-ын тал холбогдох шугамаар дэмжлэг үзүүлэх,
  • 2012 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Ойн улсын хорооны төлөөлөгчдийн Монгол Улсад хийх айчлалыг талууд хамтран зохион байгуулахаар
  • “Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх тухай хамтарсан комиссын хоёрдугаар уулзалт”-ыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тус тус харилцан тохиролцож, уулзалтын протоколд гарын үсэг зурлаа.
ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж