Анжелина Жолиг хүндэт иргэнд өргөмжлөв

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Анжелина Жолиг хүндэт иргэнд өргөмжлөв

Босни улсын нийслэл Сараево хотын Захиргаанаас Холливудын жүжигчин Анжелина Жолиг хотынхоо хүндэт иргэнээр даваа гаригт өргөмжилсөн талаар France Presse агентлагаас мэдээллээ.

Сараево хотын зөвлөлөөс Босни Герцеговины дайны талаар түүх дурсгалыг зүйлсийг хадгалан сэргээхийг дэмжсэн Анжелина Жолигийн хувь нэмрийг үнэлэн, түүнд энэ өргөмжлөлийг хүртээхээр шийдвэрлэсэн гэжээ. Анжелина ирэх тавдугаар сарын 3-нд Сараево хотод хүрэлцэн ирж, ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ хүндэт иргэний өргөмжлөлөө гардан авах юм.

Босни улсын нийслэл жил бүр гадаадын нэг иргэнийг хотынхоо хүндэт иргэнээр өргөмжилдөг юм байна. Сараево хотод ардчилал болон хүмүүнлэгийн санааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гадаадын иргэдийг хотын захиргаанаас нэрлэдэг ажээ.

Анжелина Жолигийн хувьд өнгөрсөн жил түүний найруулсан “In the Land of Blood and Honey” кино нь 1990-ээд оны Сараево хотын амьдралыг харуулдаг юм. Серб болон Босни улсын жүжигчдийн тоглосон энэ киног шүүмжлэгчид дайны сэдэвтэй кино болоогүй гэж дүгнэсэн байна.

Анжелина Жоли кино урлагийн ертөнцөөс гадна хүмүүнлэгийн үйлсэд 10 жил хүчин зүтгэж байгаа нийгмийн идэвхтэн юм. Энэ дөрөвдүгээр сарын 17-нд түүнийг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн тусгай элчээр томилсон билээ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж