Хууль зөрчсөн Х.Амартүвшинг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн Х.Амартүвшинг эрэн сурвалжилж байна

Хуш модны самар хилээр гаргахыг хориглосон шийдвэрийг зөрчиж, 27 вагон самрын хил нэвтрүүлсэн хэрэг гарсан. Энэ хэрэгт мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнууд, цагдаагийнхан холбогдож, хээл хахууль авч хуурамч бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон. Уг хэрэгт 20 орчим хүнийг сэжигтнээр татаж шалгасан бөгөөд энэ хэргийн гол холбогдогч Х.Амартүвшин гэгч олдохгүй байгаа гэнэ. Тиймээс түүнийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсан байна. Халзангийн Амартүвшин нь хууль бусаар эд зүйл гаргах ажлыг нь зохион байгуулж, хуурамч бүрдүүлэлт хийж, хил давуулах ажлыг нь хятадуудад гардан хийж өгдөг байжээ. Тэрбээр 1995-2008 оны хооронд цагдаагийн байгууллагад тэр дундаа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд  авлига авсан хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаас халагджээ. Х.Амартүвшин нь 1968 оны дөрөвдүгээр сарын 3-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 44 настай дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй нэгэн. 165-170 см орчим өндөр нуруутай, махлаг биетэй, бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, зузаан уруултай энэ эрийн содон шинж тэмдэг нь хоёр нүдний хооронд том мэнгэтэй юм байна. Энэ хүнийг харсан хүн 122, 266355, 262956, 98886886 дугаарын утсаар холбоо барих буюу Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандахын тус албанаас сануулсан юм.

Хууль бусаар эд зүйл хил давуулсан энэ хэргийн гол санхүүжүүлэгч нь хятадууд гэнэ. Тэд хил давж зугтсан бөгөөд Монгол дахь эд хөрөнгийг нь хууль хяналтын байгууллагаас битүүмжлээд байгаа юм. Х.Амартүвшин жоншны уурхайн эздээс авсан хоосон падааныг ашиглаж, өмнө нь хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан гаалийн байцаагчийг оролцуулан хуурамч бүрдүүлэлт хийлгэж, самар хил давуулахад нь оролцжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж