-Манай улсад хоршоолол үүсээд 90 гаруй жил өнгөрч байна. Гэтэл ийм олон жилийг ардаа үдчихээд төдийлөн сайн хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
-1960, 1970-аад онд хувийн өмчтөнүүдийг хязгаарласнаас болж чөлөөтэй хөгжих боломж аагдсан гэж болно. Өөрөөр хэлбэл, төрийн буруу бодлогоос болж тэр шүү дээ.
-Ер нь хоршооллын давуу тал нь юу юм бол?
-Бидний яриад байгаа утаа, ядуурлаас гарч чадах хамгийн боломжит хувилбар бол хоршоолол гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. НҮБ манай улсаас гаргасан санаачилгыг хүлээн авч энэ жилийг "Олон улсын хоршооллын жил" болгон зарласан. Энэ хүрээнд улс орнууд янз бүрийн ажил хийхээр төлөвлөж байгаа. Манай улсын хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд "Хоршоологчдын үндэсний III чуулган" зохион байгуулсан. Тус чуулганаар энэ онд ихээхэн ажил хийхээр болсон. Тухайлбал, "Хөдөөг хоршоолох аян"-ы нээлт хийсэн. Үүнд нийт 900 гаруй төлөөлөгч оролцсон нь нэлээд ач холбогдлоо өгсөн гэж болно.
-Тэгэхээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэдэн хоршоо байна вэ?
-Нийт 2400 гаруй хоршоо байгаа. Тиймээс тэднийг төрөөс үнэлж, дэмжих ажлыг эхлэхээр болоод байна. Харин ямар ч хоршоололгүй сумдад шинээр хоршоо байгуулна. Саяхан олон улсын байгууллагаас судалгаа хийсэн. Тэдний дүгнэлтээс үзэхэд одоо үйл ажиллагаа явуулж байгаа хоршоод цөөн гишүүнтэй байна. Тодруулбал, 9-10 гишүүнтэй хоршоод байдаг. Учир нь тухайн олсон орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй, хөрвөх чадвар муутай хоршоод нэлээд байна. Тиймээс олон улсын хоршооллын зарчмаар сумдад жишиг хоршооллыг байгуулахаар төлөвлөсөн.
-Та сая хоршоодыг үнэлнэ гэлээ. Яг яаж, ямар журмаар үнэлэх юм бэ?
-Тухайн хоршооны засаглал ил тод байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн эзний нөлөөтэй байгуулагдсан уу, эсвэл иргэд нийлж байгуулсан байна уу гэдгийг нь тогтоох юм. Хэрэв эзний нөлөөтэй байгуулагдаж ганцаараа бүх эрх мэдлээ эдлээд байвал энэ нь хоршоолол биш болно. Мөн санхүүгээ хэр тодорхой болгосон, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийх нь цар хүрээ ямар байгаа гэх зэргээр нь үнэлнэ гэсэн үг.
-Гэхдээ таны яриагаар бол хоршооллын үйл ажиллагааг хөдөөд явуулах талаар дурьдаад байна. Харин нийслэл, томоохон аймгуудын төвд хоршоолол байгуулсан иргэдийг дэмжих асуудлаар ямар бодлого хэрэгжүүлэхээр зэхэж байна вэ?
-Төрөөс барьж байгаа бодлого бол хоршооллыг хөдөөгөөс эхэлье гэсэн төлөвлөгөөтэй. Харин магадгүй дараагийн шат бол төв суурин газарт хоршооллыг хөгжүүлэх асуудал юм.
-Хот сууринд хоршооллыг ямар журмаар яаж хөгжүүлбэл илүү үр дүнтэй вэ. Бас иргэд үүнээс хэр хурдан ашиг олж болох бол?
-Хотод энэ салбарыг хөгжүүлнэ гэвэл заавал ахуйн үйлчилгээний менежментийг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олуулаа нийлж байгаад хоршоолол байгуулбал хотод маш их ашигтай. Ингэхдээ нэг нь гар утас засдаг ч юм уу, эсвэл зарим хэсэг нь талх хийх гээд өөр өөрсдийнхөө хийж чадах зүйлээр бизнесээ өргөжүүлбэл амьдрал хоромхон хугацаанд дээшлэх боломжтой.