Элэгний эмгэгийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Элэгний эмгэгийг бууруулна

Элэгний эмгэгийг бууруулах аяныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас
эхлүүллээ. Манай улсын 10 мянган хүн тутмын 2714 нь элэгний эмгэгтэй
гэсэн судалгааны дүн гарчээ.

Мөн хавдраар өвчлөгсдийн 40 хувийг элэгний хавдар эзэлдэг байна. Элэгний
хатуурал болон В, С вирусын халдвар авснаар хавдрын шалтгаан болдог аж.

“Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” олон улсын онол практикийн II
бага хурал өчигдөр “Чингис хаан” зочид буудалд боллоо. Хуралд Эрүүл
мэндийн сайд болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн ахлагч
О.Сэргэлэн тэргүүтэй мэргэшсэн эмч нар оролцсон юм. Мөн Улаанбаатар
хотын захирагч Г.Мөнхбаярын урилгаар манай улсад айлчилсан Сингапурын
"Азийн элэг шилжүүлэн суулгах эмчилгээний төв” -ийнхөн хуралд ач
холбогдол өгч саатсан юм.

Мэргэжилтнүүд эмгэг үүсгэгч хүчин зүйлийн талаар ярилцаж байсан. Олон
жил үргэлжилсэн архаг архидалт нь элэгний хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг
байна.

Манай улс таван хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ. Харин
хагалгаа хийлгэхээр 50 гаруй хүн хүлээж байгаа ч тэдний ихэнх нь донороо
олоогүй байгаа аж. Тиймээс Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
асуудлыг УИХ-д өргөн барьсан тухай хуралд оролцогчид танилцууллаа. Уг
хуулийн 3.9.2-т “Шилжүүлэн суулгах эд эрхтэнг амьгүй донороос авбал
зохино. Амьд донороос эрхтэнийг авахдаа ихрүүд, ах дүү, ураг төрлийн
эрүүл хүнийг сонгоно гэж” заажээ.

Сингапурын элэгний мэс засалч Тан Кай Чан, Салле Ибратим, амьсгалын
физикч Ли Канг Хо нар элэгний эмгэгийн дархлаажуулалт, урьдчилан
сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхийг манай эмч
мэргэжилтнүүдэд зөвлөсөн юм.

Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж