Монголын хүүхдийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Монголын хүүхдийн чуулган болно

Олон улсын Хүүхдийн “Найрамдал” төвд дөрөвдүгээр сарын 25-28-нд Монголын хүүхдийн чуулган болох гэж байна. Чуулганд аймаг, нийслэлд оршин суудаг 11, 15, 18 насны эрэгтэй, эмэгтэй 66 хүүхэд, ЗДТГ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэжилтэн 22 хүн, Хүүхдийн төлөө Хэлтсийн хүүхдийн оролцооны асуудал  хариуцсан мэргэжилтэн 22 хүн, Хүүхдийн өөрийн удирдлагын Үндэсний байгууллагын өсвөрийн удирдагч 10 хүүхэд нийт 120 төлөөлөгч оролцоно.

Хүүхдийн чуулганы төлөөлөгчид  2022 оны Монгол улсын хөгжлийн түвшинд хүүхдэд ээлтэй сайн засаглалыг бэхжүүлэх, тухайн үеийн хүүхдийн өсөлт, хөгжлийн хэрэгцээнд нийцэх хүрээлэн буй орчин, нөхцөлийн бүтээн байгуулалтын талаар төсөөлөл, төсөл боловсруулах ажил хэрэгч тоглоомын арга зүйг ашиглан чуулна.

Чуулганы явцад дараах үр дүнг бий болгоно. Үүнд:

  • Аймаг, нийслэлийн хүүхдүүд өргөнөөр оролцон сонгосон төлөөлөгчидтэйгээ хамтарч 2022 онд тухайн орон нутаг хүүхдэд ээлтэй байх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж төсөл боловсруулсан байна.
  • Өөрийн аймаг, нийслэл оршин суугаа газар нь 2022 онд хүүхдэд ээлтэй байх хөгжлийн чиг хандлагыг төсөөлсөн  эссэ, зураг төсөл, захидал, мөрийн хөтөлбөр гэх мэт сонирхолтой хэлбэрээр боловсруулсан төслийг бэлтгэж чуулганд хэлэлцүүлнэ.
  • Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлыг байгуулж, “2022 оны орон нутгийн хөгжилд суурилсан хүүхдэд ээлтэй бодлого” боловсруулж, батална. Мөн Засгийн газрын кабинетыг байгуулна.
  • 2022 оны Монгол улсын Засгийн газрын бүтцийг тодорхойлж, Засгийн газраас “хүүхдэд ээлтэй хот, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө”-г батална.

2022 оны ирээдүйг Засгийн Газрын Сайдууд 2012 оны өнөөгийн Засгийн газрын Сайдуудад төлөвлөгөөгөө танилцуулж, цаашид Хүүхдийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хүүхдүүдийн санаа бодлыг тусган ажиллах юм. Чуулганы төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, Хүүхдийн мини парламент, Засгийн газрыг байгуулан хуралдуулж “Хүүхдэд ээлтэй өрх гэр бүл -2022”, “Хүүхдэд ээлтэй үйлчилгээ -2022”, “Хүүхдэд ээлтэй хот, орон нутаг Санаачлага -2022” гэсэн гурван чиглэлээр хэлэлцүүлэг явуулах юм. Үүний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын хүүхдийг дэмжих гурав дахь урт хугацааны үндэсний хөтөлбөрт тусгагдах хүүхдийн санал бодол тодорхойлогдож, тэдний бүтээлч оролцоо хангагдах юм.

ТББ-уудын санаачлагаар 2004 онд Хүүхдийн оролцооны Үндэсний сүлжээ байгуулагдсан. Өнөөдөр 1200 орчим Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад 200 гаруй мянган хүүхэд хамрагдан тэдний нийгмийн амьдралд оролцох идэвх, оролцоо дээшилж байна.

Хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих зорилготой “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийг Монгол Улсын Шадар Сайдын 2011 оны 65 дугаар тоот тушаалаар батлагдан хэрэгжиж байна.

2012-2022 оны Монголын хүүхдийн төлөв байдал, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч нарт хүүхдүүд санал, бодол, хүсэл тэмүүллээ илэрхийлж, хамтарч ажиллах зорилгоор Монголын хүүхдийн чуулганыг зохион байгуулах гэж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж