Шинэ онгоцны буудлын шавыг тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Шинэ онгоцны буудлын шавыг тавилаа

Нэлээд хэдэн жил яригдсан Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын сураг наашилж буйн дохио болсон арга хэмжээ өчигдөр болов. Монголчуудын хувьд шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэтчилэн сураг ажиг тавихын зэрэгцээ бас шинэ мэдээлэл сонсогдохгүй бол урам хугарч байгаад томоохон бүтээн байгуулалтын гэх цөөхөн ажлын нэг нь энэ нисэх онгоцны буудал. Өнөөхөндөө монголчууд Буянт-Ухаагийн дэнждээ цөөхөн хэдэн онгоцоо жагсааж, хол ойр, хүний өөрийн нислэгүүдээ хөөргөж буулгаад байгаа ч гэсэн уул уурхайн шинэ эриний цууриагаар Чингис хаан нисэх онгоцны буудал маань жижигдэж магадгүй нь хэдийнэ тодорхой болсон. Хэдхэн жилийн өмнө долоо хоногт хоёр л нисдэг байсан Сөүлийн нислэг өнөөдөр өдөрт хэд хэдээрээ сүлжилддэг болсныг та бид мэднэ. Тэрчлэн Япон, Хонконг, алс Арабын улсууд руу ч бид шууд нислэг хийдэг болсон тун удахгүй АНУ руу шууд нисч болох тухай мэдээлэл сонсогдож байгаа. Зөвхөн гадаад нислэг гэлтгүй Монголд өнөөдөр дөрвөн авиакомпани ажиллаж, есөн аймагт, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймагт өдөр болгон нислэгтэй байдаг болсон гэхээр агаарын тээврийн цараа нэмэгдэж, “сав”-аа томсгохоос өөр аргагүй болж байгааг сануулж байгаа хэрэг. Цаашдаа ч уул уурхайн баялгаараа дэлхийд гайхуулан анхаарал татаж байгаа Монгол Улс саалиасаа өмнө саваа бэлтгэх нь зүй хэрэг буй за.

Энэ ёсоор өчигдөр нээлтээ хийсэн Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал олны хөлийн газар болно гэдэгт манайхан итгэлтэй байгаа аж. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон Ерөнхий сайд С.Батболд шинэ нисэх буудал байгуулснаараа баруун Европ, хойд Америкийг зүүн өмнөд Азитай холбосон агаарыг замын нислэгүүд буудаллах боломжтой болж, Монгол төдийдгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөлөө үзүүлэх болно гэж оноцлж байна лээ. Ийн их хөлийн газар болно гэж бэлэгшээж буй онгоцны буудлын нээлтийн ажиллагаанд мөн Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Барилга хот байгуулалт, зам тээврийн сайд бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Су.Батболд, Д.Дондог болон Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шимизү, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Исогой болон албаны бусад хүмүүс оролцлоо. Хөшгийн хэмээх энэ хөндийгөөс Монголын иргэний нисэхийн анхны онгоц хөөрч байсан түүхтэй. Харин өнөөдөр орон орны гийчин саатаж байх шинэ үеийн онгоцны буудал барих эхний шавыг татлаа.

Шинэ нисэх буудлын төслийн судалгааг 2007 онд хийж, Монгол, Ядон улсын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн 28 тэрбум 807 сая япон иенийн хөнгөлттэй Зээлийн MON-P8 хэлэлцээрийг 2008 оны тавдугаар сарын 1-ны өдөр зохион байгуулсан. Зээлийн гэрээ байгуулагдсаны үндсэн дээр Зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан Японы “Азуса Секкей/Ориенталконсалтинг” компанийн зүгээс зураг зураг төслийн ажлыг 2009 оны наймдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэл боловсруулсан аж. Зээлийн санхүүжилтээр барих барилгын гүйцэтгэгчийг Япон Улсын аж ахуйн нэгж компаниудын хүрээнд зарлаж, сонгох ажил хийж байгаа аж.

Энэ буудлын нэг онцлог онгоц хөөрч буух зурвас нь хоёр талын оролт, гаралттай болж, нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, үйлчилгээний хүрээ өргөжих, зорчигчдын ая тухтай аялах таатай нөхцөл бүрдэхээс гадна олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын тавьж буй шаардлага, стандартын түвшинд хүргэх зорилтыг биелүүлэх таатай нөхцөл бүрдэж байгаа ажээ. Чингис хаан нисэх онгоцны буудал нэг талын оролт, гаралттай учир салхины чиг “эвгүйтэхэд” асуудал үүсэх гээд байдаг талтай гэдэг.

Шинээр баригдана гэж буй онгоцны буудал нэг цагт 1100 зорчигчдод үйлчлэх боломжтой. 2016 он гэхэд эхний ээлжийг ашиглалтад оруулж, 2019 он гэхэд жилд 1,6 сая хүн зорчиж, 11900 тонн ачаа тээвэрлэх чадалтай болно. Эхний ээлжинд онгоц хүлээн авах зургаан хүзүүвчтэй болно гэхээр одоогийн Чингис хаан зочид буудлынхаас хэд дахин илүү хүчин чадалтай гэсэн үг. Нийслэлээс 60 км зайд байгуулах гэж буй нисэх онгоцны буудал зөвхөн буудлын 30 гаруй барилга байгууламжаар тогтох асуудал биш, зам, харилцаа, холбоо дэд бүтцийг байгуулах гээд бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Үүнийг дагаад хэдэн зуун ажлын байр бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай боломжийг ч бий болгоно гэж байгаа юм. Цаашилбал олон улсын нислэгийн бас нэгэн том төв болох гээд хэтийн зорилго зурайж буй. Зэлээрээ дүүрэн унагатай, уяагаараа дүүрэн гийчинтэй гэдэгчлэн айлчин гийчин олонтой их хөлийн газар болох болтугай гэж ерөөсү.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж