Тэрээр Улаанбаатар хотоор тойрч "Хотын өнгө төрхийг ингэж дээш нь татмаар байна" хэмээн ярьж байсныг хүмүүс санаж байгаа байх. Ингэхдээ "Барилга бариагүй хоёроос дээш жил болж, орчныхоо өнгө төрхийг ухсан нүх, овоолсон шороо, нурсан хашаагаар дарсан байгууллагын газрын эрхийг цуцална" хэмээн мэдэгдэж байлаа.
Барилгыг тойруулсан хашаа нь нэгдсэн цэнхэр өнгөтэй, ёрдойсон модон бус төмөр хийцтэй байх ёстой хэмээн, "имиж" бүрдүүлэх гэж чармайж байлаа. Тэрхүү ажлыг нэг талаас нь харвал Улаанбаатар хотын өнгө төрхийг өөд нь татаж, царай оруулах гэсэн хэрэг. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг эдлүүлэх гэсэн "шахалт" гэж ойлгон тухайн үед барилгын компанийн эзэд алга ташин хүлээн авсан билээ.
Мөн нийслэл, дүүргүүдийн хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчдийг цэнхэр хашаа хатган, мэдээлэл бүхий хулдаасан хэвлэл өлгөж, ажлын цагаар олны нүдэнд ил ажиллахыг шаардах болсон.
Цаг хугацаа нисэн оджээ. Харин даргын тушаал, шийдвэр ул болсон нь харамсалтай. Дэлхийн бусад улсад хотын мээр нь ямарваа захирамж, тушаал шийдвэр гаргавал аль салбараас үл хамааран түүнийг нь яг таг мөрддөг дэгтэй. Харин Улаанбаатар хотод барилга сүндэрлүүлэгчид мартамхай болсон уу, эсвэл заавал хотын мээрээр шахаж шаардуулж байж ажил хийх сонирхолтой болов уу.
Энэ зуурт сэдсэн ажил нь мартагдсан "дууль" болжээ. "Гээндээ ч, гоондоо ч бий" гэдэг шиг л юм болжээ, цаана чинь. Улаанбаатар хотын албатууд ч гэсэн "Монголын хууль гурван хоног" гэдэг шиг дарга дагаж ажил хийсэн дүр, сүр үзүүлээд л мээрийн захирамж нь мөрдөгдөж байгаа эсэхийг эргэн харж, анзаарч, анхаарахаа больжээ.
Заавал дээд албанаас, дарга, даамлаар шахуулж, шаардуулж байж Улаанбаатар хотын "аппарат"-ынхан ажил хийдэг тогтолцоо нийслэлд чимээгүйхэн үүссэний тод жишээ энэ буюу.
Сүүлийн үед Улаанбаатар хотын хаа сайгүй л эвдэрсэн, нурсан хашаа таарах болж. Энэ байдлыг олж харж, захирамж, тушаалыг биелүүлэх гэж зүтгэдэггүй хотын менежэрээр юу хийх юм бэ.
Улаанбаатарын унаган төрх нь хашаажсан хот. Дээр нь барилга барихаар хашаалчихна. Хэдэн өдрийн шуурганы дараа хашаа нь навсайн унасан газар ч зөвдөө бий. Өнгө үзэмжгүй, нурсан, навсгар хашаанууд Улаанбаатар хотын төрхийг улам доош нь татсаар л.
Харсан ч хараагүй юм шиг нүдээ анин дэргэдүүр нь өнгөрөх албатуудын цалинг "саатуулж", навсгар, нэвсгэр хашаатай барилын компанийн эздэд торгууль тавьдаг болцгооё. Гадаа дулаарч, аялал жуулчлалын улирал иржээ. Хотын төвдөө эвдэрхий, хогоор дүүрсэн, өнгө үзэмжгүй хашаатай хот Улаанбаатараас өөр байдаг болов уу. Ийм тохигүй хотын төрх гаднын гийчдийг цааш нь түлхэх биз ээ.
Хотын дарга нийтийн тээврээр зорчин тэдний ажлыг шалгаж, иргэдийн сэтгэгдэл, гомдлыг сонсоно. Бас л нөгөө мээр иргэд таатай амьдрах орчныг бүрдүүлж өгөх гээд "явган хүний зам"-ын ажил санаачилж нийслэл, дүүргийн Газрын албаныханг хэсэг хугацаанд "ажил"-тай болгосон.
Махны асуудал бас түүний сэтгэлийг зовоож, хэвлэл мэдээллийнхнийг дагуулаад захуудаар баахан явав. Энэ мэтээр хотын мээрийн сэдэж хийгээгүй ажил Улаанбаатар хотод тун цөөн. Хотын даргад зориулж ажлаа сайжруулдаг тогтолцоо төрийн албаны дунд шатанд тогтчихсон нь харамсалтай байгаа биз. Улаанбаатар хот мээргүй болбол цаашид ажил хийдэг хүнгүй болох юм байна л даа.
Зохиогчийн эрх: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин