

Тус аймгийн урлаг соёлын анхны байгууллага нь далан жилийн тэртээ “Улаан гэр” нэртэйгээр анхны гал голомдоо бадрааж байсан бол өнөөдөр Төв халхын дуулалт жүжгийн театр болон өргөжиж “Дуу хуурын нутаг” гэсэн брендийн алдар сууг өргөсөн мэргэжлийн урлагийн томоохон байгууллага болсныг аймгийн Засаг дарга Д.Чандмань энэ ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Мөн далан жилийн тэртээ арван ханатай гэрийг аймагтаа “Улаан гэр” нээхэд бэлэглэж байсан алдарт уртын дуучин П.Ширчинжунай агсны гэргий Буянравжих өнөө ер гаруй насыг зооглосон ч хүрэлцэн ирж бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж шинэ барилгын сууринд идээ цагааны дээжээ өргөн хүндэтгэл үзүүлж Соёлын тэргүүний ажилтан, ерөөлч магтаалч Цэрэнчимэд урлагтай амьдралаа холбох анхны гараагаа эхэлсэн уугуул байгууллагынхаа шинэ барилгын шав тавих ёслолд зориулан ерөөл айлдлаа. Энэхүү ёсмлолын үеэр урлаг соёлын ажилтнуудын сүрлэг сайхан жагсаал, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн, ёслолын буудлага боллоо.


С.ПҮРЭВСҮРЭН