Саяхан Пхеньянд болсон жагсаалын үеэр танилцуулсан зэвсэг техникийн талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни энэ асуудлыг АНУ болон БНХАУ-ын хооронд сөхсөн талаар мэдэгдсэн байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон баллистик пуужин хийх талаар хориг арга хэмжээг АНУ олон улсын нийгэмлэгүүдтэй тэр дотроо БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа гэж Жей Карни хэлсэн юм.
Түүнчлэн АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонер хэлэхдээ Хойд Солонгос улсад Хятадын цэргийн техник байгаа эсэхийг НҮБ-ын хориг арга хэмжээний хорооноос шалгана гэжээ. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгос улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээний шийдвэрийг мөрддөг гэж нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд АНУ энэ мэдэгдэлд итгэж байгаа хэмээн М.Тонер нэмж хэлсэн байна.
Энэ дөрөвдүгээр сарын 15-нд Пхеньян хотод болсон Их удирдагч Ким Ир Сений 100 насны ойд зориулсан жагсаалын үеэр өмнө нь Хойд Солонгосын армид өмнө нь огт харагдаагүй байсан баллистик пуужингийн зөөврийн хэрэгсэл байсан ажээ. Энэ техникийн талаар зарим хэвлэлээр 16 дугуйтай энэ техникийг Хятадын сансар судлалын нэгэн корпорацийн тооцоон дээр үндэслэн хийгдсэн гэсэн бол Олон улсын стратегийн төвийн мэргэжилтэн Ричард Фишер энэ машин нь Хятадын цэргийн техникийн экспортын хувилбар байх гэжээ.
Харин дээрх мэдэгдлийн хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Хятадын Засаг захиргаа пуужингийн техник болон үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх олон улсын бүх зөвшилцлийг чанд дагаж мөрддөг гэж мэдэгдсэн юм.
Ирэх тавдугаар сарын 3, 4-нд Бээжинд хийх айлчлалын үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ асуудлыг сөхнө хэмээсэн байна.