Эйнштейний зөв байсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Эйнштейний зөв байсан уу?

Dario Autiero, Giulia Brunetti нарын судалгааны хүрээнд зөвхөн нейтрино бөөмийн хурдыг хэмжиж гэрлийн хурдны тоон утгатай харьцуулсан нь учир дутагдалтай гэж зарим эрдэмтэд үзэж байна. Тэдний бодлоор яг адил орчинд адил нөхцөлөөр нейтрино бөөм болон гэрлийн бөөмсийг "уралдуулах" замаар хэмжилт хийсэн тохиолдолд илүү бодитой үр дүн гарах ёстой. Гэвч бодит байдалд зөвхөн гэрэл нэвтрүүлэх туршилт хийж зорилгоор 732 км урт бүхий туннел байгуулах боломжгүй юм. Харин үүнтэй яг адил хэлбэрээр туршилтын үр дүнг шалгах боломж байгааг эрдэмтэд олж харсан байна.

1987 онд болсон нэн шинэ одны дэлбэрэлтээс ялгарсан нейтрино бөөмсийг Япон улсын сансарын туяаны ажиглалтын Камиока хүрээлэн дэлхийд анх удаа бүртгэж авчээ. Харин 160 мянган гэрлийн жилийн зайд байрлах уг одны дэлбэрэлтийг илтгэх гэрэл, түүнээс ялгарсан нейтрино бөөмс ойролцоо хугацаанд дэлхийд хүрч ирсэн байна. Энэ нь гэрэл болон нейтрино бөөмсийн хурд бараг адил гэдгийг илтгэж Dario Autiero, Giulia Brunetti нарын судалгааны үр дүнтэй зөрчилдөж байгаа юм.

Хэрэв нейтрино бөөм гэрлээс 57.8 наносекундээр илүү хурдалдаг нь үнэн бол нэн шинэ одны дэлбэрэлтээс үүсэх эгэл бөөмс түүний гэрлээс 4 жилийн өмнө дэлхийд ирэх ёстой. Хэдий тийм боловч үүнийг шууд хүлээн зөвшөөрч "нейтрино бөөм гэрлээс илүү хурдалдаггүй" хэмээн дээрх судалгааг барин тавин няцаах боломжгүй юм. Учир нь судалгааны үр дүн болон нэн шинэ одноос ирсэн бөөмсийн хэмжилтийг аль алиныг нь хүлээн зөвшөөрч болох таамаглалыг эрдэмтэд өмнө нь аль хэдийн дэвшүүлсэн байна.

Шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд биднийг орон зай, цаг хугацааны дөрвөн хэмжээст ертөнцөд оршин байгаа гэж үздэг. Эрдэмтэд 5 болон түүнээс дээш хэмжээст ертөнцийн онолуудыг дэвшүүлдэг боловч тэдгээрийг бодит амьдралд хараахан батлах боломж алга байна. Гэхдээ бидний оршин байгаа орчлон ертөнц 4-өөс илүү олон хэмжээстэй бол гэрэл болон эгэл бөөмсийн хурдтай холбоотой дээрх эсрэг тэсрэг үзэл бодлуудыг аль алиныг нь зөвтгөх боломж гарч байгаа юм.

Үүнийг энгийн хүмүүст ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах үүднээс бидний оршин байгаа 4 хэмжээст ертөнцийг долгиолсон киноны хальс хэлбэртэй хэмээн төсөөлье. Бидний оршин байгаа орчлон ертөнц киноны кадр мэт зөвхөн хальсны гадарга дээр л оршино. Бид энэ ертөнцдөө түгжидсэн байгаа учир хальсны гадаргаас гарч хараахан чадахгүй. Бидэнтэй адил гэрэл ч бас зөвхөн энэ хальсны гадарын дагуу л тархана. Харин нейтрино бөөмс материйг нэвтлэн гардаг учир олон хэмжээст ертөнцөд чөлөөтэй зорчих чадвартай.

Магадгүй энэ чадварын ачаар хальсны гадарганаас тасран гэрлээс илүү богино зай туулж, түүнтэй адил хугацаанд дэлхийд ирдэг байж болно. Энэхүү тайлбар нь онолын физикчдийн дэвшүүлдэг олон хэмжээст онолуудын нэг braneworld-ын энгийн тайлбар бөгөөд Эйнштейнийг ч, Dario Autiero нарыг ч уг онолоор зөвтгөх боломжтойг харуулж байгаа юм. Эсрэгээрээ хэрэв нейтрино бөөмс гэрлээс хурдалдаг нь үнэн бол braneworld онолын шууд бус нэгэн нотолгоо болно гэж зарим эрдэмтэд үзэж байна.

Нейтрино бөөмсийн хурдыг хэмжсэн судалгааны үр дүнг танилцуулснаас хойш бусад эрдэмтэд ч мөн адил уг бөөмийн хурдыг өөр аргачлалаар хэмжих, анхны туршилтын үр дүнг үнэн эсэхийг шалгах туршилтуудыг хийхээр төлөвлөв. Тухайлбал оросын эрдэмтэд голлон оролцсон Borexino төслийн хүрээнд саванд байрлах тусгай шингэн бүхий хүлээн авагч төхөөрөмжийн тусламжтайгаар нейтрино бөөмсийн хурдыг илүү өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох туршилт хийхээр төлөвлөжээ.

Мөн итали, польшийн эрдэмтэдийн хамтарсан Ikarus төслийн нэгэн шинэ зорилго мөн адил хэмжилтэд чиглэж Opera төслийн үр дүнг няцаасан эрдэм шинжилгээний онолын өгүүллийг хэвлүүлжээ. Нейтрино бөөмс үнэхээр гэрлээс илүү хурдан бол туршилтын үед хүлээн авагч төхөөрөмжид бүртгэгдсэн бөөмс энергиэ алдах ёстой. Гэвч анхны судалгаагаар энэ төрлийн үр дүн огт гараагүй байгааг тэд онцолж уг санаагаа туршилтаар батлахыг зорив. Opera төслийн баг ч мөн адил эгэл бөөмсийн үүсгүүр орчимд шинэ төрлийн мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулан хяналтын цэгүүдийг олшруулж туршилтыг давтан явуулахаар төлөвлөв.

Харин энэ оны 2-р сарын сүүлчээр Opera төслийн баг өмнөх туршилтад техникийн шалтгаанаар алдаа гарсан, нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай зарлав. Мөн Ikarus төслийн баг ч бие даасан судалгааны үр дүнд тулгуурлан адил үр дүнг танилцуулсан юм. Энэ удаад эгэл бөөмс гэрлээс илүү хурдалсангүй. Алдарт Эйнштейний харьцангуйн онол ч няцаагдсангүй.

Орчин үеийн шинжлэх ухаан хэдийгээр хөгжлийн өндөр түвшинд хүрээд байгаа боловч толгой дээр алим унах төдийд огт санамсаргүй байдлаар шинэ шинэ нээлт хийдэг цаг домог болж физикийн шинжлэх ухаан мухардалд ороод байна гэхэд хилсдэхгүй. Онолын физикчид орчлон ертөнцийн зүй тогтлын талаар атом, цөмийн түвшинд хүртэл элдэв онолуудыг Эйнштейнээс хойш сүүлийн 100 жилийн турш боловсруулсаар ирсэн. Тэдгээр онолууд цаасан дээр, комьютерээр тооцоолсон томьёогоор батлагддаг боловч бодит амьдрал дээр нотлож шалгах техникийн боломжийг бүрдүүлж чадаагүй л байна.

Энэ чиглэлд хийгдэж байгаа хамгийн дэвшилтэт оролдлого нь ЕЦСБ-ын LHC хурдасгуур боловч түүнд тулгуурлан хийсэн судалгаанууд мөн л хараахан бүрэн төгс хийгдэж чадахгүй байгааг нейтрино бөөмсийн хурдыг хэмжсэн судалгаа харуулж байгаа юм. LHC хурдасгуур 2008 онд ашиглалтад орсон ч түүний тусламжтайгаар өнөөдрийг хүртэл шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэгэн тодорхой нээлт хийгдээгүй байна. Нейтрино бөөмсийг байг гэхэд онолын түвшинд байх ёстой хэмээн таамаглагдаж байгаа гэрлээс хурдан бөөмс магадгүй маргаашийн шинэ туршилтаар нотлогдохыг үгүйсгэх аргагүй юм.

Дашрамд дурдахад өмнөх мэдээлэлд бичигдсэн сэтгэгдлийн дагуу тодруулга оруулж байна. Нэргүй нэгэн уншигч нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай сүүлийн судалгааны үр дүнг дурдаад "haritsanguin onol unuudur hurtel heveerei bna", "iim chuhal sedev nichij baigaa bol ugt ni ortol sudlaad bichij baival sain bna" хэмээн шаардсан байсан. Нэгдүгээрт хэрэв өмнөх бичлэгийн төгсгөлд "үргэлжилнэ…" хэмээн бичсэний дагуу тэвчин хүлээж, өнөөдрийн бичлэгийг хүргэсэн бол Эйнштэйн болон өөр хэн нэгний ямар нэгэн онолыг няцаахыг хүсээгүй, зөвхөн мэдээлэл өгөх зорилготой гэдгийг ойлгох байсан биз.

Хоёрдугаарт мөн адил сэдвээр монгол хэлээр интернетээс хайлт хийж үзэхэд иймэрхүү, бас иймэрхүү мэдээлэл олдож байгаагаас хэн нь "chuhal sedev"-ээр хэр зэрэг "ugt ni ortol sudlaad bichij bai"-гааг ч бас ойлгох биз. Өмнөх мэдээллийн төгсгөлд "уг судалгааны үр дүн хараахан няцаагдаагүй байна" гэсэн нь мэдээлэл цаг хугацааны хувьд оройтсоноос гарсан алдаа юм. Учир нь бичлэгийг NHK телевизийн Science Zero нэвтрүүлгийн 2-р сарын 11-ний өдрийн дугаарыг үндэслэн тухайн үед бэлтгэж блогийн draft-д хадгалсан байсан бөгөөд бичлэг блогт автоматаар нийтлэгдсэн болно. Харин нейтрино бөөмс гэрлээс илүү хурдалдаггүй тухай шинэ судалгааны мэдээлэл 2-р сарын эцсээс мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Мөн "Блогт нийтлэгдсэн материалд орчуулга, хэлзүйн болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэ"-эгүйг анхаарна уу.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж