Харин өрсөлдөх чадвараараа нэлээд хойно орно. Тодруулбал, 2011-2012 оны тайлангаар 3.9 оноогоор 142 орноос 96 дугаар байрт оржээ. Өмнө нь 3.7 оноогоор 99 дүгээр байрт жагсаж байсан Монгол Улс нэг жилийн дотор гурван байраар урагшилжээ. Монгол Улсын өрсөлдөх чадвараар ахих энэхүү үзүүлэлтэд уул уурхайн хөрөнгө оруулалт амь тариа болжээ. Үүнээс ч урагш байрт жагсах боломж байсныг учир мэдэх зарим хүн хэлж байна. Төсвийн байдал сайжирч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээ буурсан нь манай улсын зэрэг зиндааг хөгжиж байгаа орноос хөгжингүй орны стратегийн түвшинд аваачсан байна. Энэ хэрээр монголчуудын үнэлэмж дэлхий нийтэд өсчээ.
Зах зээлийн замаар урагшаа нүүр бардам харах өргөн боломж Тавантолгой төслөөс харагдаж буй. Говьд тодорч илрээгүй олон “толгой” бий гэдэгт ч гаднынхан эргэлзэхгүй байна. Тэгвэл баялгийн шимээр сольж буй хөрөнгийг сонгуулийн амлалтаар урсгаад байх уу. Уг нь улс төрийн хүчин үр ашигтай бодлого ярьдаг болохоос мөнгө амладаггүй. Тиймээс эдийн засгийн тэнхлэг болсон гол салбар уул уурхайн хөрөнгө оруулалтыг сонгуулийн амлалттай хутгах бус, цэвэр орлого гэж харах цаг болжээ. Баялгийн өгөөжийг сулруулдаг мөнөөх сонгууль хаяанд ирчихсэн. Улстөржиж болохгүй мөнхийн сэдэв эдийн засаг болов чиг энэ удаад улс төрийн үйлдлээс уул уурхайн хөрөнгө оруулалтыг ялгаж салгах хэрэгтэй боллоо. Улс төрийн нөлөөнд үл автах хүчирхэг эдийн засагтай болоход сонгууль том шалгуур аж. Гэхдээ газрын хэвлийд буй баялаг бүх ард түмний өмч болохоос нам, хэсэг бүлэг хүмүүсийн “санхүүжилт” биш юм.
Шавхагдах баялгаар шавхагдашгүй баялаг бүтээе
Парламентийн болон орон нутгийн сонгууль манай эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болсоор удаж байна. Өнөөдөр ч гэсэн сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой аль ч салбарт харзнасан ажигласан байдал нийгэмд бий боллоо. Тэр дундаа бүтээн байгуулалт, хөгжил далласан уул уурхайн салбарынхны ажлын хурд саарч, “Сонгууль яах нь вэ” гэсэн хүлээлт бий болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн төвлөрөх цэг нь улс төрийн сонгууль гэж үү. “Өнгөрсөн оны төсвийг 10 хувийн алдагдалтайгаар баталж, 805 тэрбум төгрөгийг хүн амд тарааснаар Монгол Улс бүхэлдээ “Сонгуулийн эдийн засагтай болсон” гэж МУИС-ийн ЭЗС-ийн дэд профессор Б.Батмөнх хэллээ. Тэрбээр “Монгол Улс: Шилжилтийн эдийн засгаас сонгуулийн эдийн засагт” өгүүлэлдээ “Монголын эдийн засаг хэт улстөржсөн, жам ёсоороо хөгжих нөхцөл муутай болсон. Эдийн засагт сонгуультай холбоотой мөнгөний эргэлт их болжээ” хэмээн дүгнэсэн байна. Улс төрийн намууд нь засгийн эрхэнд гарахын тулд сонгогчдод эдийн засгийн хэр хэмжээнээсээ хэтэрсэн амлалт өгч гарч ирдэг. Намуудын сонгуулийн амлалт нь буцаад эдийн засагтаа маш хүчтэй дарамт үзүүлдэг болсон. Улс төрийн намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө эдийн засгаа золиослоход ч бэлэн гэдгээ тод томруун харуулсан хэмээн цөөнгүй эдийн засагчид ярьсан юм. Тэд үүнийг эдийн засгийн тамирдалт гэж нэрлээд байна.
ДНБ-д төсвийн зардал 2005 онд 27 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 52 хувь болжээ. Ирээдүйд их итгэл өвөртөлсөн намууд ар түмнээс зүтгэл гуйж, бодит байдлыг ярихаас цааш хэтрээгүй улстөрчид уул уурхайн салбарын хөгжлийг тушаатай үлдээх нь гэсэн халаглал хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр бухимдуулж байна. Төв Азийн цээжинд судлагдаагүй үлдсэн, судлагдсан өчүүхэн хэсэг нь дэлхийн хөрөнгө оруулагчдын “хорхой”-г хүргэсэн Монгол урин хавартай золголоо. Ирэх сонгуулийн дуулиан, шуугиан Төрийн ордонд цуурайтсаар. “ДНБ-ийхээ 10 хувийг хүн амдаа зүгээр тараадаг эдийн засагтай улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Үүгээрээ Монгол Улс дэлхийд цоо шинэ өвөрмөц “сонгуулийн” эдийн засгийг бүтээж байна” гэж ОУВС, Дэлхийн банк цочирдож байв.
“Уул уурхайн хөрөнгө оруулалтыг Хүний хөгжлийн 21 мянга, цалин тэтгэврийн нэмэгдэл, оюутны сургалтын төлбөр гэж ангилсан нь хөрөнгө оруулалтын хүчийг сулруулж, үр ашиг муутай, үлдэх үнэ цэнийг нь бууруулсан” гэж Эрдэс баялгийн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Х.Владимир хэлсэн. Зэсэн төсөвтэй Монгол Улс цаашид нүүрсээр төсвөө зохиож, нүүрсний орлогоороо нэг удаагийн сонгуулиа нэжгэр тэмдэглэж, үлдсэн хугацаанд нь амлалтаа төлж амьдрах уу.
Статистик мэдээллээс үзэхэд экспортын 98 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Гэтэл экспортолсон нүүрснийхээ дайтай бүтээн байгуулалтыг өрнүүлж чадаагүй л байна. Тиймээс шавхагдах баялгаар шавхагдашгүй баялаг бүтээе. “Уул уурхайн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох боловсруулах үйлдвэрийн асуудлыг шуурхайлж, төмөр зам тавих ажлаа яаравчилсан бол намуудад нэг санал ч болтугай нэмэгдэх байсан” гэж академич Т.Намжим ярьж байна.
Уул уурхай эдийн засгийн тэргүүлэгч салбар мөн үү
Намын мөрийн хөтөлбөрт бөөн бөөнөөрөө базагдаж орж байгаа хөрөнгө оруулалт бол улс төрийн намын бий болгосон бүтээмж бус, буй болсон байгалийн шавхагдах баялаг. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд сонгуулийн амлалтаа иргэддээ төлөхийн тулд ажилласан. Амлалтаа хэрэгжүүлэхийн хэрээр эсрэг талд нь баялгийн сав дундарчээ. Түүнээс улс төрийн намууд зөв бодлого хэрэгжүүлээд үйлдвэрлэлийн салбараа сэвхийтэл дэмжсэн зүйл огтхон ч алга. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний төрөлжилт өнгөрсөн хугацаанд дорвитой өссөнгүй. Зүгээр л уул уурхайн баялгаар сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Монгол Улс дэлхийн зах зээлийн үнээс хэд дахин хямдаар баялгаа үнэлжээ. “Тамирын мөсийг долоох шахам байж олсон хэдээ гэх..” Итгэлт баяны бодол улстөрчдөд дутсан аж. Зөвхөн хуваарилах зохицуулалтыг өнгөрсөн хугацаанд намууд амжилттай гүйцэтгэсэн тухай эдийн засагчид хэлдэг. АХБ-ны “Азийн хөгжлийн төлөв-2012” тайланд Монгол Улсын ДНБ-ий өсөлт энэ онд 15, ирэх жил 17.5 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Энэхүү эдийн засгийн эрчимтэй өсөлт нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн тогтвортой байдлыг шаардаж байгаа гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар тэмдэглэсэн.
Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар өргөжиж, зах зээлийн хүрээгээ тэлэхийн хэрээр улс төрийн намуудын сонгуулийн амлалт томорсон. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлагад “сонгуулийн амлалт” ахиу жин дарах болжээ. Уг нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, жонш гээд шавхагдах нөөцөөрөө олж авсан хөрөнгөөр шавхагдашгүй баялаг бүтээхийг дэлхий нийт эрмэлзэж, түүндээ хүрэхийн төлөө хичээж байна. “Уул уурхай эдийн засгийн тэргүүлэгч салбар болохоос улстөрчдийн сонгуулийн амлалт биш. Тиймээс эдийн засгийн өсөлт бол улс төрөөс үл хамаарсан, эрэлт нийлүүлэлтээр хэмжигдэж байдаг тоо” гэж СЭЗДС-ийн багш Ц.Батсүх ярьсан юм.
Өөрөөр хэлбэл, одоогийн эдийн засгийн өсөлт бол уул уурхайн баялгаа ямар ч боловсруулалтгүйгээр эрчимтэйгээр гадаад зах зээлд нийлүүлсний үр дүн гэж үзэж болох аж. “Уул уурхайн хөрөнгө оруулалтаар юу эсийг бүтээх билээ. Зөвхөн сонгуулийн амлалт төдийхэн зүйлийг л бүтээхийн төлөө Тавантолгойг таллаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага байна уу” гэж Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин Б.Адьяа Монголын эдийн засгийн чуулганы үеэр төрийн төлөөллөөс асуулаа. Гэтэл Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай дэд бүтэц, усны асуудал “түүхий” хэ-вээрээ байна. Тэгвэл хариуцлагатай уул уурхайн хөгжлийг хариуцлагагүй засаглал бүтээж чадах болов уу. Ачааны хүндийг үүрч яваа уул уурхайн салбарынхан болоод татвар төлөгчдийн үүрэг оролцоо, үр ашиг улс төрийн үзэмжээс болоод бүдгэрч байгааг салбарынхан ч хэлдэг.
Ялалт, ялагдлын ринг
Уул уурхайн салбарынхан болоод улстөрчид хамтдаа ялалт, ялагдлын ринг дээр зогсож байна. Баялгийн буянаар эрх мэдэл олдог, улс төрд урт удаан амьдрах байр сууриа ч баталгаажуулдаг сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс уул уурхайг тусгаарлая. Олохыг нь уурхайчин олж, улстөрчид олсныг нь үрдэг тогтолцоо сайныг дагуулахгүй гашуун сургамж баялгаасаа болж баларсан орнуудад бий. Ангол, Нигер, Судан, Конго гээд тэдний жишээг тив дэлхийгээрээ мэднэ. Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг унагах болсон сонгуулийн амлалт манайд хэвээр байвал үсрэнгүй өсөлт гэнэтийн уналтаар солигдож мэдэхийг Дэлхийн банкны судлаачид сануулж байна. Улс төрийн намууд хэдий чинээ өндөр амлалт хэлнэ төдий чинээ уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт үр ашиг багатай 21 мянга болон хувирч байгааг Монголбанкны эдийн засагч С.Болд хэллээ. АН-ын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэсэн илтгэлдээ “Бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, баян ядуугийн ялгаа холдож байна. Хүний насжилт, боловсролын түвшин доогуур байна. Энэ бүхэн бол манай эдийн засгийн согог юм” гэв. Тэрбээр ийн ярьж хэлж буйгаа намынхаа мөрийн хөтөлбөртөө баримталж, жанжин шугамаа болговол сайн л байна. Намуудын сонгуулийн амлалт том тоогоор сонсогдох бүрийд амьдралын өртөг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ. Амлалтаа нэхсэн иргэд, амлалтаа биелүүлэхийн төлөө юугаа ч зарж мэдэх бодлогогүй төр өөд өөдөөс харцгаана. Нийгмийн зорилтод хэсэгт хандсан дэмжлэг бүхэл бүтэн нийгмийг хамарсан сонгуулийн “лоозон” болов.
Олборлолт эхлээгүй, зөвхөн хайгуулын шатандаа яваа геологи уул уурхайн компани өөрийн өртгийн 10 хүртэлх хувийг ажлаа бүтээх, бүтээлгэх зүйлд зориулдаг гэсэн баримтыг уул уурхайн хүмүүс сонирхуулах нь бий. Тэгвэл уул уурхайн салбарын өгөө аваа улстөрчдийг дэмждэг болж таарч байна. Тэтгүүлж дэмжүүлэхийг улстөрчид болоод намууд шаарддаг юм байна. Баялгаа үнэд хүргэхийн төлөө төр нь дэмждэг болохоос түүний үнэ цэнийг сонгуулийн амлалтаар дэгээдэж унагадаг жишиг зөвхөн Монголд тогтож таарахгүй.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn