БНАСАУ дахиад пуужин хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

БНАСАУ дахиад пуужин хөөргөнө

Пуужин
хөөргөхөө мэдэгдэж, багагүй сүр дуулиан болсон ч тэр нь амжилтгүй болж
Пхеньяны удирдлагууд дахин баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгаа
тухай мэдээг Сөүлээс дамжууллаа. Үүнтэй зэрэгцээд хятадууд пуужингийн
хөтөлбөрийг нь хэрэгжүүлэхэд Хойд Солонгост тусалж байна гэж Вашингтон
мэдэгджээ.

Хойд Солонгосын шинэ баллистик пуужинг илрүүлсэн
тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалж сэтгүүлч нарт
мэдээлжээ. Тончан-ни туршилтын талбайн шинэ зургийг хиймэл дагуулаас
авсан мэдээллийг тэдэнд Америкийн тагнуулынхан дамжуулсан бололтой.
Сануулахад, уг талбайгаас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Ынха-3”
(“Тэнгэрийн заадас”) пуужингаар хиймэл дагуул хөөргөсөн юм. Хойд
Солонгосын пуужин хоёр минут орчим нисээд пуужин нь задран далайд унасан
билээ.

Хоёр дахь пуужинг эхний пуужингийн хамт ойролцоогоор
гуравдугаар сарын 23-нд туршилтын талбартаа авчирсан бололтой. Далайд
унасан пуужингийн эд, ангийг цуглуулах ажилд хэзээний оржээ. Хоёр дахь
пуужингийн хувьд хэлбэр хэмжээгээрээ эхнийхтэйгээ адилхан гэнэ. Шинэ
баллистик пуужинг ойрын үед хөөргөх гэнэ.

БНАСАУ-ын дээд
удирдлагын сүүлчийн яриа, мэдэгдэл ч пуужин хөөргөнө гэснийг баталж байх
шиг. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт Сансрын технологийн хорооны
төлөөлөгч Цахилгаан мэдээний төв агентлагтаа ярилцлага өгч “АНУ, Өмнөд
Солонгос, Японы зүгээс дайсагнал байгаа ч бид өмнөхийн адил хиймэл
дагуулаа хөөргөх болно” гэж хэлсэн байв. Ийм нислэгүүд нь улс орны
“сонгуны бодлогод” (армийн тэргүүлэх бодлого) ч “энх тайвны зорилгоор
сансрын орон зайг эзэмших урт хугацааны хөтөлбөр”-т ч бүрэн нийцнэ гэж
тэр хэлжээ. Мөн төлөвлөсөн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь БНАСАУ-ын хувьд
Америкийн тусламжаас хамаагүй чухал. Социализмын бүхий л давуу талыг
ашиглаж байгаа учраас бидэнд цаашид бүсээ чангалах хэрэг байхгүй гэж
өгүүлсэн байна.

Энэ цагаар, АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын
пуужингийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарлаа сулруулалгүйгээр ажиглалт
хийсээр байна. Энэ сэдвээр АНУ-ын Зэвсэгт хүчний асуудал хариуцсан
Конгрессийн  хорооны хуралдаан пүрэв гаригт болж түүнд Батлан
хамгаалахын сайд Леон Панетта оролцжээ. Хорооны гишүүдийн асуултад сайд
хариулахдаа пуужингийн хөтөлбөрийн хөгжилд Хятад  зарим нэг тусламж
үзүүлсэн гэв. Гэхдээ асуудал “эмзэг” гээд сайд тэр тусламжийн талаар 
тодруулж хэлэхээс татгалзсан байлаа.

Хойд Солонгос ойрын хоёр
долоо хоногийн дотор цөмийн туршилт хийх гэж байна. “Пентагон үүнтэй
холбогдуулан ямар ч нөхцөл байдал үүсэвч бид бэлэн байна” гэж Леон
Панетта мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын эрх баригчдын
мэдээгээр өмнө нь хоёр удаа цөмийн газар доорх туршилт хийсэн талбайд
шинэ хонгил ухаад цөмийн төхөөрөмжийг байрлуулсан ба одоо хонгилыг
битүүлэх ажиллагаа хийж байгаа ажээ.

“Энэ өдөөн хатгасан 
туршилт нь манай талаас тэдэнд харьцах харилцааг улам муутгана.  Түүнд
хэрхэн хариулах талаар би ярихгүй. Гэхдээ Пентагон нөхцөл байдал яаж ч
эргэсэн бэлэн байна” гэж тэр мэдэгдлээ. Хоёр Солонгосын хооронд цэргийн
томоохон хүч байрлаж байгаа талаар тэр ярихдаа энэ бол дэлхийн хамгийн
аюултай цэгийн нэг бөгөөд АНУ “дайнаас хэдхэн сөөмийн цаана” оршиж
байгаа учраас үг хэл, үйлдэлдээ ихээхэн болгоомжтой хандах хэрэгтэй” гэж
Батлан хамгаалахын сайд хэлжээ.

Өмнөд Солонгос далавчит пуужинг байлдааны бэлэн байдалд оруулжээ

Хойд
Солонгосын цөмийн болон пуужингийн байгууламжид цохилт өгөх чадвартай
далавчит пуужингуудыг байлдааны байнгын бэлэн байдалд оруулснаа Өмнөд
Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын
мэргэжилтнүүдийн зөвхөн өөрсдийн хүчээр бүтээсэн далавчит пуужин нь
шилдэг үзүүлэлтэй бөгөөд хэдэн зуун км-ийн цаанаас харвасан ч уг пуужин
нь байныхаа шаардлагатай гэсэн цонхыг онодог гэж  яамны мэдээнд
өгүүлжээ. Мөн хоёр пуужингийн нислэгийг харуулсан видеог үзүүлжээ.

Пуужин
нислэгийнхээ үеэр 280 км хүртэл  өндөрт хөөрөх чадалтайгаас гадна 100
км-ийн алсын тусгалтай гэнэ. Өмнөд Солонгос “Хенму-3А” (500 км),
“Хенму-3В” (1000 км) гэсэн хоёр пуужинг зэвсэглэлд авчээ. Мөн 1500
км-ийн зайд нисэх “Хенму-3С” пуужинг туршсанаа мэдэгдэж байсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж