Эрдэмтдийн судалгааны хамтарсан баг наранд ажиглалт хийдэг "Хинодэ" хиймэл дагуулын өгөгдлийг удаан хугацааны туршид судалсны эцэст ийм дүгнэлт гаргасан гэнэ. Наран дээрхи соронзон туйл 11 жилд нэг удаа солигддог юм байна. Харин өнгөрсөн оны тавдугаар сард бий болсон нарны хойд хэсгийн соронзон туйлаас гадна өмнөд хэсэгт дахин туйл бий болох аж.
Судлаачдын бичсэнээр нарны экваторын бүсэд түр зуурын хоёр соронзон туйл үүсэх бөгөөд энэ шинэ хоёр туйл нь хойд болон өмнөд туйлд сөргөөр нөлөөлөх юм байна. Наран дээр ингэж соронзон туйл үүссэн үзэгдэл 17-18 зуунд тохиолдож байсан ажээ. Энэ үзэгдлийн үеэр дэлхийн цаг агаар мэдэгдэхүйц сэрүүсч байжээ.
Японы эрдэмтдийн үзэж байгаагаар наран дээр ингэж олон соронзон туйл үүсэх нь дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод байгаа дулаарлыг нэг хэсэгтээ сааруулах юм.