Сүүлийн үед барилгын үзэсгэлэнгүүд борооны дараах мөөг шиг л олширсон. Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор болсноо зарласан гуравдугаар сараас хойш бараг тав зургаан үзэсгэлэн яармаг гарсан байх шүү. Зарим өдөр бүр хоёр өөр газар, яг адилхан хоёр үзэсгэлэн нэгэн зэрэг гарч байх жишээний. Өнгөрсөн долоо хоногт гэхэд “Барилга экспо-2012”, “100 мянган айлын орон сууц” үзэсгэлэнг нэг өдөр зохион байгуулна лээ. Хэдийгээр нэр өөр ч зорилго, агуулга ялгахын аргагүй ижилхэн гээч. Монголд орон сууцны хэрэгцээ маш их байгаа. Ялангуяа Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс олон бий. Тэд хямдхан үнэтэй байртай болчих санаатай бараг гарсан бүх үзэсгэлэнг сонирхсон биз. Даанч эрлийнх нь үзүүр тэгсхийгээд л мухардчихсан болов уу.
Харин иргэдийн эрэлт хэрэгцээн дээр зарим овсгоотой нөхдүүд хөөрхөн мөнгө тоншчихдог болжээ. Зохион байгуулж буй нөхдүүдэд ямар нэгэн хүндрэл, ажил төрөл удаад байхгүй аятайхан мөнгө олох хэрэгсэл болчихоод байгаа юм даа, энэ барилгын үзэсгэлэнгүүд. Үзэсгэлэн оролцох хүсэлтэй компаниудаас мөнгө аваад, заалыг нь түрээсэлж буй байгууллагадаа бага зэргийг амсуулаад бусдыг нь өөрсдөө халаасалчихна гэсэн үг. Үзэсгэлэнгээр бизнес хийх зорилгоо бас хөөрхөн тодорхойлчихно. Сонирхогчдод шинэ орон сууцаа сонгох, газар дээр нь банкны зээлд хамрагдаж, орон сууцаа худалдан авах боломжтой гэх. Нэг дороос хүссэн мэдээллийг нь олгоно гээд байгаа. Иргэд нь тэр бүр хүссэн мэдээллээ авч чаддаг ч юм уу даа бүү мэд. Ямар ч байсан барилгын үзэсгэлэнгээс байрны үнэ асуусан иргэд сүхээр цохиулчихсан аятай л толгой сэгсэрсээр гарч ирдэг нь худлаа биш. Бага дунд орлоготой иргэдэд зориулж гаргаж байгаа барилгын үзэсгэлэн худалдаанд оролцож буй зарим компаниуд байрныхаа метр квадратыг 2200000-аар үнэлчихээр иргэд барайхаас өөр яахав.
Байрны үзэсгэлэнгээр бизнес хийгээд гаршчихсан нөхдүүд хөдөөг онилдог нь ч бас учиртай юм байна лээ. Нийслэлд сарын дотор л бараг тав зургаан удаа барилгын үзэсгэлэн гарчихсан, тэр нь бүтэл муутайхан юм болоод өнгөрсөн болохоор одоо хөдөөд гаргасан дээр гэж бодсон биз. Үнэндээ дахиад барилгын үзэсгэлэн яармаг нийслэлд гарлаа гэхэд очих хүн, оролцох компани олдохгүй байлгүй. Иргэд ч иймэрхүү юм гаргадаг гэсэн ойлголттой болчихсон, компаниудын хувьд оролцоод ч байраа зарж чадахгүйгээ ойлгосон байлгүй. Ихэнх нь иргэдийн эрэлт дээр дөрөөлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан нэрээр зарагдаагүй үлдсэн байраа шахах бодолтой, эсвэл барилгын бизнес эрхлэхээр бараг барих газраа ч сонгоогүй байраар мөнгө олох гэсэн компаниуд л барилгын үзэсгэлэн яармагт оролцдог бололтой юм билээ шүү. Ээ дээ, энэ барилгынхан уу.