МАН Ардчилсан намд буулт хийв

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

МАН Ардчилсан намд буулт хийв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Орон нут­­гийн сонгуулийн тухай хуулийн төс­­лийн талаархи Ардчилсан намаас ирүүл­­­­­сэн албан тоотыг авч хэлэлцсэн байна.

АН-аас УИХ-ын болон Орон нут­гийн сонгуулийг хэрхэн явуулах талаар МАН-ын дарга болон намын бүлэгт албан тоот хүргүүлсэн билээ. Энэхүү албан тоотын хариуг МАН-ын бүлгээс  мөн Ардчилсан намд хүргүүлж байсан. Ингэхдээ “УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн удирдлагуудыг сонгох сонгуулийг хамт явуулж харин сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийг тусад нь явуулах нь хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн үзсэн байна. Учир нь Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд маш тодорхой зааж, бүрэн эрхийнх нь хугацаа дөрвөн жил байна гээд тогтоочихсон. Тийм учир хуулиа зөрчиж сонгуулийг хамт явуулах боломжгүй” хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байсан. Гэвч МАН-ын Удирдах зөвлөлөийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж Ардчилсан намын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэгт хэд хэдэн чиглэл өгч, ажиллахаар болсон гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ярилцсан байна. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Улаанаас зарим зүйлийг тодруулахад “Ардчилсан намын бүлгийн зүгээс өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байгаа. Тиймээс бид Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд УИХ, нийслэлийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахыг хүлээж авах боломжтой гэж үзээд,  ажлын хэсэгт тодорхой чиглэлүүдийг өгсөн” гэсэн тайлбарыг өглөө. Ардчилсан намын хувьд УИХ, нийслэл, аймгийн сонгуулийг нэг өдөр явуулж, харин сум, дүүргийн сонгуулийг намар явуулах саналтай байгаа юм байна. Өмнө нь МАН-ын хувьд хоёр сонгуулийг зэрэг явуулахгүй гэсэн байр сууринд бат зогсч байсан бол хоёр сарын хугацаа үлдсэн байгаа энэ үед МАН Ардчилсан намынханд буулт хийж байгаа бололтой. Одоогийн хүчин төгөлдөр хуулиараа бол МАН-ын хувьд буулт хийхээс өөр аргагүй. Гэхдээ энэ асуудлыг Ардчилсан нам нийслэл, УИХ-ын сонгуулийг нэг өдөр явуулах уу эсвэл хүлээж авахгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.

Мөн энэ өдөр УИХ-ын Хууль зүй байнгын хорооны хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруу­лах асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч гишүүд ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр байнгын хорооны хурал­дааныг  хойшлууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах хүсэлт тавьсан гишүүдийн хувьд “Энэ асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэж дуусах ёстой бөгөөд энэ өдөр нь өнөөдөр /өчигдөр/ дуусч байгаа, гэвч гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан байна. Уг нь бол Хууль зүй байнгын хороо гишүүдийн ирцийг бүрдүүлж, асуудлыг   хэлэлцэх ёстой” гэдэг тайлбарыг өгсөн бол Хууль зүй байнгын хорооны дарга Д.Одбаяр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хуулийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Өнөөдрийн хувьд гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хцралдааныг түр хойшлууллаа” гэсэн юм.

Уг нь МАН-ын бүлгийн хурал­даа­наар ч, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч МАН-ын хувьд гишүү­дийн ирц бүрдэхгүй байсаар бүл­гийн хуралдааныг өчигдрийн 16.20 цагт эхэлсэн юм.

Харин МАН-ын бүлгийн ээлжит хурал­даанаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Хууль зүй сайдыг огц­руулах эсэхийг шийдвэрлэх юм. Энэ та­лаа­­раа өнөөдөр мэдээлэл хийх юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж