Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдье

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдье

Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарчихсан байгаа. Энэ жагсаалтад 11 хуулийн төсөл багтсан. Гэвч энэ нь зөвхөн эдгээр хуулиудыг л хэлэлцэнэ гэсэн үг биш бөгөөд нэн шаардлагатай хуулийг ч мөн хэлэлцэн батлах боломжтой. Энэ чуулганы хугацаа дуусах дөхсөн үед гишүүдийн гараас улс төрийн намын талцалд хүрээгүй нийгмийн асуудлыг зохицуулах хуулиуд гарах боломж өндөртэй байдаг. Хэрэв хууль тогтоогчдод хүсэл байвал хэлэлцээд баталчих боломжтой хэд хэдэн ийм хуулийн төсөл хүлээгдэж байгаа бөгөөд үүний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл юм. Ийм хууль батлагдахыг хүлээж, чих тавьж буй хүний тоо сонгуулийн хуулийг хэрхэх талаар хүлээж байгаагаас ч олон байхыг үгүйсгэхгүй.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЯМАР АСУУДАЛ БАЙНА ВЭ?

Энэ хуулийн төслийн онцлог нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх бүлгээс хүүхэд рүү чиглэсэнд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй 130000 орчим иргэн байгаагаас 30000 орчим нь хүүхэд байна гэсэн тоо бий. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй  22000 гаруй хүүхэд сургуульд суралцаж байгаа гэсэн тойм судалгаа бий. Гэтэл улсын хэмжээнд 6 тусгай сургууль байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 1, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 1, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 4 тусгай сургуульд ердөө 1670 хүүхэд л суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчин бүрдээгүй, багш нар бэлтгэгдээгүй, багш нарт урамшуулал олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж байгаа багшийн ажлын үр дүнг дүгнэх механизм байхгүй байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээний гадна орхигдож байна. 

Түүнчлэн судалгаанаас үзэхэд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашид энэ хувь буурсаар дунд, ахлах ангид байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14 хувь болж буурсан” байдаг байдаг нь суралцах боломж нас ахих бүрт багасаж буйг харуулж байна. Мөн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  болон ядуу өрхийн хүүхдүүд байна гэсэн судалгаа ч бий аж.

Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд, түүнийг асарч, халамжилж байгаа өрхөд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ оновчгүй байна. Тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх, эцэгд  сард 31200 төгрөгийн тэтгэмж олгож байгаа өнөөгийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангах түвшинд огт нийцэхгүй болоод байна. Түүнчлэн 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн сар бүр тэтгэвэр авдаг бол 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ямарваа тэтгэвэр авдаггүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь ердийн хүүхдийг бодвол өвчлөмтгий бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл, цэвэр орчин, тусгай эм тариа шаардаж байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тэр дундаа байнгын асаргаатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асарсаны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүйгээс тухайн өрхийн орлого хүрэлцэхгүй байх, амьжиргааны түвшин доройтох улмаар ядууралд өртөх, түүнчлэн насаараа байнгын асаргаатай хүүхдээ асарчаад тэтгэврийн насанд хүрэхэд тэтгэвэргүй үлдэх эрсдэлд хүрч байгаа юм. Дээрх нөхцөлүүдээс шалтгаалж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дийлэнх нь амьжиргааны түвшингээс доогуур амьдарч байна.

ХУУЛИАР ЮУГ ШИЙДЭХ ВЭ?

1995 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль нь хоцрог­дож, 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан ч бодит байдал дээр нийгмийн энэ хэсгийнхэний асуудлыг дорвитойхон шийдсэн гэх зүйл алга.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрхийг хангах талаар цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүх­дийн сурч боловсрох, нийгмийн тусламж, дэмжлэг авах, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг олон эрхийг зохицуулсан хуулийн заалт хэт ерөнхий, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, хүүхдийн онцлогт нь тохирсон хуулийн зохицуулалт байхгүй байгаа хөгжлийн бэрх­шээлтэй хүүхэд эрхээ бусад хүүх­дийн адил эдлэх боломжгүйд хүргэж байна. 

Жишээлбэл, Хөгжлийн бэрх­шээл­тэй иргэний нийгмийн хам­гаал­лын тухай хуульд “16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн байгууллагын мэргэж­лийн эмч нарын хяналтын комисс тогтооно.” гэж заасан боловч эмч нар ямар аргачлал, журмаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг оношлож, тогтоох эрх зүйн зохицуулалтыг мартаж орхиж. Энэ мэт тунхагын чанартай заалтыг илүү амьдралд буулгаж ирэх нь энэ хуулийн төслийн нэг зорилго аж.

Тэр ч бүү хэл Монгол улсад хэдэн малтайгаа тоолж чаддаг атлаа хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хаана хэнтэй хэрхэн амьдарч буй талаар нэгдсэн тоо өнөөг хүр­тэл байхгүй л байна. Үндэсний статис­тикийн хороо болон холбог­дох төрийн захиргааны төв байгуул­лагуудын гаргасан статистик мэдээл­лүүд хоорондоо зөрөөтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс 5493 нь л байнгын асаргааны тэтгэмж авдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх боловсол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах арга хэмжээ нь төсөвт төдийлөн ачаалал өгөхгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­ний нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийн заалтаас онцловол “16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг болон тухайн хүүхдэд боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сэргээн засалтын ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнийг хэрхэн хянах асуудлыг тухайн орон нут­гийн эмч, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг хүмүү­­­сийг оролцуулсан комисс тогтоох, комиссын ажиллах журам, комиссоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох  баримтлах аргачлалыг  холбогдох төрийн захиргааны байгууллагууд батлахаар тусгана”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг хөнгөлөх хугацааг хүүхдийн өсч бойжиж байгаа хугацаатай уялдуулах, рашаан сувилалын хөнгөлөлтийг асран хамгаалагчийн хамт олгож байх, сэргээн засалтын үйлчилгээний хөлсийг хөнгөлөх асуудлыг нэмж тусгана”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульдаа ирж, очиход тээвэрлэх унааны асуудлыг төрөөс хариуцах тухайн оны улсын төсөвт тусгаж байх зэрэг асуудлуудыг тусгана” гэх зэрэг буй аж. Эдгээр заалтууд батлагдаж, хэлэлцүүлгийн явцад улам нарийсч байж л асуудлыг зохицуулна. Гол нь хэлэлцүүлэгт оруулж, энэ чуулганаар амжиж л батлах хэрэг байна.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж