
Бидний төдийлөн анзаардаггүй хирнээ хүүхдэд муугаар нөлөөж байдаг эцэг эхчүүдийн янз бүрийн шударга бус үйлдлийг би ажигласан юм. Хүүхдийнхээ өмнө ямар ч алдаа эндүүрэл гаргадаггүй мэт дүрд тоглох буюу хүүхэд байхдаа үргэлж төлөв томоотой байсан мэтээр өөрийгөө ойлгуулах нь үүний нэгэн жишээ юм.
Нэгэн эцэг хатуухан сургамж авахаас өмнө санаандгүй шударга биш байснаа өөрөө мэдэрсэн юм. Түүний хүү 4 – р ангид сурч байхдаа бичгийн ажилд муу дүн аваад гэртээ иржээ. Энэ талаар эцэг нь мэдэж, хүүгээс асуухад хичээгээд хичээгээд огт сурахгүй байгаагаа хэлж үүндээ их шаналж байжээ. Нэг өдөр хүү багшдаа “Миний аав герман хэлнийхээ хичээлд дандаа онц авдаг байсан” гэж хэлэв. Багш түүнээс “Чи яаж мэдсэн юм бэ? Аав чинь чамд хэлсэн үү?” гэж лавлан асуужээ. “Үгүй харин тэр намайг зэмлэх үед л би тэгж боддог юм” гэж хүү хариулав. Эцэг нь үүнийг мэдээд
“Би хүүхэддээ хуурмаг мэдээлэл өгч байжээ. Үнэнийг хэлэхэд би хэсэг хугацаанд зөв бичих талаар нилээд бэрхшээлтэй тулгарч байсан” гэдгээ хүүдээ хэлжээ. Тэр өдрөөс л бүх юм өөдрөг болсон. “Би хүүдээ дандаа онц сурдаг байсан мэт ойлголт өгснөөс болж миний хүүгийн зориг мохсон байжээ. Харин би хүүгийнхээ өмнө муу дүн авч байснаа хүлээн зөвшөөрснөөр аав минь муу дүн авч байсан ч түүнийгээ засаж чадсан болохоор би ч бас засаж чадна гэсэн найдлага миний хүүд төрсөн юм”.
Эцэг эхчүүд өнгөрсөн амьдралаа ямагт сайн сайхан мөч байсан мэтээр алдаршуулан яриад байвал хүүхдийн зан авир болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үгүй муугаар нөлөөлж болно. Хүүхдийн төлөвшилд ч нөлөөлнө. Нөгөө талаар эцэг эхчүүд хүүхэд ахуй үедээ өөрт нь тохиолдож байгаа шиг бэрхшээлтэй тохиолдож байснаа хүлээн зөвшөөрөхөд хүүхдэд итгэл найдвар төрүүлдэг юм. Ингэвэл хүүхэд эцэг эхдээ илүү хайртай, дуулгавартай байх болно.
Хүүхэд урам зориггүй байх үед эцэг эхчүүд үнэнч шударга байж, зөрчил ялагдлаа хүлээхийн хамт мэдээжийн хэрэг амжилтыг нь хуваалцах нь зайлшгүй чухал юм. Аав ээж хоёр хүүхэдтэйгээ адил бэрхшээлтэй тулгарч байсан ч одоо аливаа асуудалд шийдэмгий хандаж чадна гэдгийг мэдэрсэн хүүхэд өөртөө итгэх итгэлийг олж авна.
Миний хүүхэд: “Ааваа! Би харанхуйгаас айж байна” гэж хэлэх үед нь “Чи битгий тэнэглээд бай! Айх хэрэггүй” гэж хэлэх буюу айж байхад нь зэмлээд байвал хүүхдийн аюултай байдлаас өөрийгөө хамгаалах гэсэн зайлшгүй хэрэгцээтэй дотоод мэдрэмжийг нь үгүйсгэнэ. Харин би эсрэгээр нь: “Чиний насан дээр байхдаа аав нь ч бас чам шиг айдаг байсан шүү” гэж хэлбэл хүүхэддээ тус болж түүний өөртөө итгэх итгэл өгөх юм.
Дээр дурдсанаар эцэг эхчүүд алдсан алдаа болгоноо хүүхэддээ тэр бүр тодорхой ярих шаардлагатай гэж хэлмээргүй байна. Зарим эцэг эхчүүд хүүхэд байхдаа хийсэн сайн муу явдлыг ч дэвэргэн хөөргөн ярьдаг. Ийм байдал мэдээж хүүхдэд ч бас хортой. Зөвхөн хүүхдүүд л төвөгтэй асуудалтай тулгардаг биш харин аав ээж нар ч түүнийг даван туулж ирснийг ойлгуулах нь л тэдэнд итгэл найдвар төрүүлж, амьдралаас урган гарч байгаа хэрэгцээ шаардлагад хэрхэн хандахад тус болно. Эцэг эхчүүд нь хүүхдийнхээ адил төвөгтэй хэцүү асуудлыг шийдэж байсныг ойлговол энэ нь хүүхдэд зориг тэвчээр өгч, амжилтад хүрэх түлхэц болно.
Харин эсрэгээр нь эцэг эхчүүд өөрийн амьдралыг ямар ч алдаагүй мэтээр ойлгуулж, өөрсдийн буруугаа хүлээхгүй бол хүүхэд бүтэлгүй явдал, алдаа эндэгдлээр амьдрал дүүрэн байх юм шигээр төсөөлөхөд хүрнэ. Аз жаргалтай, төвшин тайван хүүхэд элдэв хэрэг төвөг тарих нь ховор байдаг. Ийм хүүхдийн аав ээж хоёр нь мэдээж алдаа гаргадаг боловч түүнийгээ ил тод хүлээн зөвшөөрдөг, хайр халамжтай гэр бүлд өсч хүмүүжнэ.
Аав ээж хоёрынх нь санал бодол зөрүүтэй боловч харин хүүхдийнхээ өмнө бүх зүйл хэвийн байгаа мэт харуулдаг гэр бүлд өссөн хүүхдээс хааяа маргаантай асуудлаа тэр дор нь шийддэг гэр бүлийн хүүхэд илүү давуу талтай. Аав ээж хоёр нь ямар нэгэн зүйл дээр таарч тохирохгүй байвал хүүхэд зөнгөөрөө мэдэрч байдаг. Ийм нөхцөлд хүүхэд яахаа ч мэдэхгүй. Илэрхий маргаантай явдлыг уучлал, эвлэрэлээр дуусгах цагт сая хүүхэд уг асуудалд хэрхэн хандах аргыг мэдэж авч чадна.
“Миний тоглоом хэдийд ч эмх журамтай байдаг байсан”, “Хэзээ ч хэн нэгнээс хуулж хичээл хийдэггүй байсан” гэх буюу “Аав ээжээ хэзээ ч зовоож байсангүй” хэмээн сургаж хүүхдээс онцгой сайн байдлыг ямагт шаардах нь хүүхэд өөрөө өөртөө итгэлгүй, сул дорой болоход хүргэдэг.
“Мод болох гэр бүл” номын хэсгээс
Асуулт Самбар форум