Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газар бүх
сумдад ажиллаж буй татварын байцаагчдыг анх удаагаа нэгдсэн сургалтад
хамруулж байна. “Найрамдал” зусланд болж буй уг сургалтаар татварын
хуулиудад орж буй өөрчлөлтүүд, далд эдийн засгийг ил болгох татварын
албаны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт, татварын албаны шинэчлэл,
дунд хугацааны хөтөлбөрийн онцлогийн талаархи шинэ мэдээллийг сумдын
байцаагч нарт өгч байна. Түүнчлэн татварын бүртгэлийн олон улсын шинэ
стандартын өөрчлөлтүүд болон, татварын албаны хөндлөнгийн мэдээлэлд
татварын улсын байцаагчдын оролцоо зэрэг бүхий л сэдвээр Татварын
ерөнхий газраас бодлого арга зүйн зөвлөмж өгч байгаа ажээ. Энэхүү
нэгдсэн зөвлөгөөн "Татварын төвлөлт, ногдуулалт, хураалтыг боловсронгуй
болгох нь", "Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь",
"Үндэсний татварын албаны цахим орчин болон татварын талаарх төрийн
үйлчилгээг боловсронгуй болгох нь" сэдвээр гурван өдөр үргэлжилнэ гэж
Татварын ерөнхий газрын вэб хуудсанд мэдээлсэн байна.
Татварын
алба нь төсөв бүрдүүлж ажиллахаас гадна улс орны эдийн засгийг татварын
бодлогоор дэмжиж ажиллах хуулийн учиртай тул далд эдийн засгийг ил
гаргаж, татвар төлөхөөс зайлсхийх, орлогоо дутуу мэдүүлж буй аж ахуйн
нэгжийг илрүүлэх үүрэг хүлээдэг байна. Энэ хүрээнд сум, орон нутагт үйл
ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд, ялангуяа уул уурхайн
компаниудын үйл ажиллагаанд татварын хөндлөнгийн ажиглалтыг цаг тухайд
нь шуурхай, баримттайгаар хийх шаардлага тулгарч байгаа ажээ. Гэвч
тухайн суманд татварын байцаагчаар ажиллаж буй байцаагч татвар хураалтын
ажлаа зохион байгуулахаас гадна хөндлөнгийн мэдээлэл цуглуулж ажиллахад
багагүй хүндрэл бэрхшээл үүсдэг гэнэ. Тйимээс цаашид энэ тал дээр
эрхзүйн зөв зохицуулалт хийх болон төсөв, хүний нөөцийг шийдэх шаардлага
тулгарч байгаа талаар зөвлөгөөний үеэр онцолсон байна.