Монгол-Оросын хамтарсан комиссын XII хуралдааныг нээж ОХУ-ын ОБЯ-ны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч хурандаа генерал П.В.Плат, Монгол Улсын ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай нар үг хэлсэний дараа Монгол Улс, ОХУ-ын онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, 2011 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хамтарсан комиссын XI хуралдааны Протоколын хэрэгжилтийн талаар авч хэлэлцлээ. ОХУ-ын ОБЯ-ны Гадаад харилцааны газрын орлогч захирал В.Г.Галицын хэлсэн үгэндээ Монгол, Оросын ард түмний олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбарт өргөжин хөгжиж, хоёр улс байгалийн болон техникийн гаралтай гамшиг тохиолдоход харилцан тусламж үзүүлж байсан тухай болон 1995 онд байгуулагдсан “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Комиссын хуралдаан тогтмолжиж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын ОБЯ-ны хамтын ажиллагаа идэвхжиж байгаад Оросын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэлээ. Монгол-Оросын хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан комиссын хуралдааны шийдвэрийг биелүүлэхэд хяналт тавих зорилгоор хамтарсан комиссын оросын талын бүрэлдэхүүнд Сибирийн бүсийн төвийн төлөөлөгчийг оруулахаар оросын тал санал болгосон байна.
Монголын тал хамтарсан комиссын хуралдаанаар хил залгаа аймаг, субъектуудын Онцгой байдлын газар, хэлтсийн хоорондын харилцан ажиллагааг сайжруулах, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх төвийн сургалтад Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагчдыг үргэлжлүүлэн сургах, ОХУ-ын ОБЯ-ны Иргэний хамгаалалтын академид суралцах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, ОХУ-ын ОБЯ-ны сургалтын төвүүдэд Монгол Улсын Онцгой байдлын албаны шүхэрчин, эрэлч нохой сургагчдыг сургах асуудлыг хэлэлцэх, хуралдааны Протоколд тусгуулахаар санал болгосны дагуу Оросын тал дээрх асуудлуудаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж ОБЕГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ.