Надаль “Монте Карло”-д түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Надаль “Монте Карло”-д түрүүлэв

Мonte Carlo Rolex Masters” тэмцээний шигшээ тоглолт өчигдөр болж, Испанийн тамирчин Рафаэль Надаль дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг 6:3, 6:1 харьцаагаар 78 минутын дотор буулган авсан байна. Надаль тус тэмцээнд түрүүлснээр 460 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртсэн бол Жокович 225 мянган ам.доллар хүртэж, чансааны 600 оноо нэмлээ.

Жокович тэмцээний талаар хэлэхдээ “Би сайн тоглож чадсангүй, Рафаэль бол үнэхээр зүй ёсны аварга юм аа” гэжээ. Шороон талбай дээр гайхалтай амжилтыг үзүүлж чаддаг дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Испанийн Рафаль Надаль тус тэмцээнд 2005 оноос тасралтгүй найм дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм. Оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээний шигшээд Жокович Надалийг зургаан цагийн турш тоглож (5:7, 6:4, 6:2, 6:7, 7:5) буулган авч байсан билээ.

Мonte Carlo Rolex Masters” тэмцээний хосын төрөлд АНУ-ын ах, дүүс Майк, Боб Брауйн нар Беларус болон Канадын хосуудыг 6:2, 6:3-ийн харьцаагаар буулган авсан байна. Хосын төрлийн дэлхийн тэргүүн теннисчид болох АНУ-ын ах дүү Брауйнууд тус тэмцээнд гурав дахиа (2007, 2011, 2012) түрүүлээд байна.

Өнөөдөр ATP World Tour 500 ангилалд багтдаг “Барселона Опен” тэмцээн Испанид эхлээд байгаа бол ирэх сард Мадридын мастеруудын тэмцээн, Ромын мастеруудын тэмцээнүүд теннисчдийг хүлээж байгаа билээ.

Дашрамд дуулгахад, энэ оны хоёр дахь “Их дуулга” болох “Роллан Гаррос” буюу Францын нээлттэй тэмцээн тавдугаар сарын 28-нд эхэлнэ.
 

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж