Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012”-ыг энэ оны гуравдугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 17-ныг хүртэлх гурван сарын хугацаанд орон даяар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн ТББ, Азийн хөгжлийн сан, МУИС-ийн Баянхонгор аймаг дахь ХҮСургууль зэрэг байгууллагууд хамтран 2012 оны 04 дүгээр сарын 20-нд “Байгаль орчноо хамгаалъя аян”-ы нээлттэй хаалганы өдрийг орон нутагтаа зохион байгууллаа. 2012 оныг БОАЖЯам салбарын хэмжээндээ “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарласан тул аяны хүрээнд орчны доройтолтой тэмцэхэд чиглэсэн бүтээлч ажлууд төлөвлөөд байна. Хаврын сарын аяны хугацаанд БОАЖГазар нь, бусад хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хамтран 21-н үйл ажиллагаа төлөвлөн эхнээсээ хэрэгжүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнгөрөгч 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд их дээд сургууль, ЕБСургуулиудын Эко клубүүдийн сурагч, ахлах ангиудын дунд эх дэлхий байгаль орчны тулгамдаж буй асуудлын талаар “Би мэднэ”, “Бид чадна” сэдэвтэй асуулт хариултын тэмцээн, “Эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. “Би мэднэ”, “Бид чадна” сэдэвт асуулт хариултын уралдаан тэмцээнд 4 сургуулийн 6 баг оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа уралдуулсанаас Номгон ахлах сургуулийн “step by step 2” баг 1-байр, “step by step 1” баг 2-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Байгаль орчны тулгамдаж буй асуудлын талаарх сэдэвтэй “Эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээнд нийт 4 сургуулийн 12 хүүхэд оролцож эрдэм мэдлэг, ур чадвараараа уралдсанаас Номгон ахлах сургуулийн 11в ангийн сурагч О.Нямтайван “Эрчим хүчний хэрэглээ ба цахилгаан дулааны алдагдал нэмэгдэл” гэсэн илтгэлээрээ 1-р байр, мөн тус сургуулийн 11в сурагч Г.Дэмэддоо “Цөлжилт” илтгэлээрээ 2- байр, Эрдэм ахлах сургуулийн 11д ангийн сурагч Э.Нацагдулам 3-р байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд оролцогчдын илтгэлүүд нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой тодорхойлсон, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шийдвэрлэх арга замыг нарийн боловсруулж судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулагдсанаараа онцлог байлаа. Илтгэлүүдээс дэвшүүлсэн санал, зөвлөмжүүдийг аймаг орон нутгийн бодлого төлөвлөлтөнд тусгах, байгаль орчны мэдээллийн санд төвлөрүүлэн ард иргэд, хүүхэд багачуудад хүргэх дуу хоолой болж өгсөн нь энэ ажлыг гол ач холбогдол боллоо. Иймд энэхүү арга хэмжээг зохион байгуулагч байгууллагууд жил бүр уламжлал болгон зохион явуулахаар болоод байна.
Б.БАТГЭРЭЛ
(Баянхонгор аймаг)