Өнөөдөр
миний гар дээр "Super speaker” нэртэй шинэхэн ном дэлгээстэй байна.
Харилцааны соёлоор хэний ч талархал сайшаалыг хүлээх хүсэлтэй хүн
бүрийн шиээний ном. Үүнтэй холбогдуулан уг номын зохиолч дуучин Темон
маань маргааш буюу тавдугаар сарын 26-ны 14 цагт “UB Palace”-д
“Бэрхшээл бүхэнд гарц бий” нэртэй лекцээ та бүхэнд толилуулах гэж
байна. Энэхүү лекц сурагчийн ширээг орхин, оюутны ширээний босгыг алхах
гэж байгаа залууст зориулагдах бөгөөд үнэ төлбөргүй.
-Сайн уу, Темон. Байсхийгээд л шинэ уран бүтээлээ толилуулдаг дуучин маань яагаад таг чиг болчихов оо?
-Хэсэг
хугацаанд уран бүтээлийнхээ ажлыг орхин, сурч боловсрохдоо анхаарал
хандуулсан. Лондонд магистрантаар сурах гэж байгаа. Ирэх 8 сард явна
даа.
-Лекц унших гэж байгаа талаар хөгжмийн сувгуудаар мэдээллэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?–
Саяхан би "Super speaker” нэртэй ном бичсэн байгаа. Үүнтэй холбогдуулан
лекц унших гэж байна. Лекцээ “Бэрхшээл бүхэнд гарц бий" гэж нэрлэсэн.
-Лекцийг чинь сонсоод гарахдаа юуг ойлгож авах вэ?
-Бэрхшээл
гэдэг нь хоёр янз байдаг. Бодит бэрхшээл гэдэг нь байгалийн гамшиг,
ган, зуд ч юм уу. Харин манай залуучууд бэрхшээлийг ургуулан бий
болгоод байгаа ч юм шиг санагддаг юм. Энэ бэрхшээл гэдэг зүйлийг залуу
хүмүүс хэрхэн давж, яаж амжилт болгон хувиргах талаар ярих гэсэн юм.
Зөвхөн ярих ч биш бусдын санаа бодлыг ч бас сонсоно доо.
-Темон ном гаргаад л, цомог гаргаад л байдаг. Сахүүжилтээ хаанаас аваад байдаг юм. Өөр ямар нэг бизнес эрхэлдэг үү?
-"Super
student" гээд ном маань эрэлт ихтэй байсан. Дараагийн ном гаргахад том
хөдөлгүүр болж өгсөн л дөө. Цааш цаашдын хийж байгаа зүйлд маань өмнөх
бүтээлүүд маань тус дэм болж байна даа.
-Хэрэв би илтгэгч болохгүй гэж бодож байгаа бол "Super speaker” номонд надад зориулагдсан зүйлс байгаа юу?
-Заавал
илтгэгч гэлтгүй харилцах урлагийг эзэмших юм болов уу. Ямар аргуудаар
илтгэлээ тэмдэглэж, ярьж буй зүйлээ хэрхэн бусдад хүргэх тухай
хялбархан аргаар тайлбарлах гэсэн юм аа. Манай оюутнууд мэдэж байгаа
зүйлээ багшид ярих тал дээр жаахан тааруу. Тэдэнд боломж олгоё л доо.
Судалгааны үндсэн дээр хийгдсэн байгаа.
-Супер гэдэг үг таны хувьд ямар утгыг илтгэдэг вэ?
-Супер
хүн гэдэг гоц ухаантай хүн биш. Аливаа бэрхшээлээс гарц олж чаддаг хүн
байдаг. Дээрээс нь аливаа зүйлийг даван туулах чадвартай, ургуулан
бодох чадвартай, мухардалд орчихсон тохиолдолд гарцыг олж чаддаг, логик
сэтгэлгээтэй хүнийг л супер хүн гэнэ дээ. Тэрнээс биш хичээлдээ онц
сурдаг хүнийг супер гэж хэлж болохгүй ш дээ.
-Та өөрөө супер хүн мөн үү?
-Супер
хүн болох гээд хичээж яваа хүн. Урьд нь “супер стюдэнт” номоо гаргаж
байхад намайг супер оюутан уу гэж их асууж байсан юм. Үнэнийг хэлэхэд
би супер байна уу үгүй юу тийм чухал биш ш дээ. Гол нь би супер гэдэг
тодотголд хүрэхийн тулд ямар алхам хийх ёстойг мэдэж байгаа. Өөрөө
эхнээс нь хэрэгжүүлж байгаа хүн юм уу даа би. Тэрнээс биш заавал өөрөө
супер болж байж бусдыг уриалах ёстой гэж бодохгүй байна.
-Лекцэнд чинь ирэх хүмүүсийн ихэнх нь эмэгтэй байна гээд мөрийцчих үү?
-Өмнөх лекцэнд ирсэн хүмүүсийн 70 хувь нь эмэгтэй байсан. Яагаад тэгж бодоов?
-Темон
царайлаг юм чинь, фэнүүдийн ихэнх хувь нь эмэгтэй байх аа гэж бодсон
юм. Хэхэ. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж өөрийгөө тодорхой хэмжээгээр үнэлж л байгаа. Өөртөө хайргүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэдэг үг байдаг ш дээ.
-Тэгвэл яагаад лекцээ үнэ төлбөргүй уншиж байгаа юм бэ?
-Үүнийг
би супер илтгэгч болохоор тэмүүлж байгаа залууст зориулан үнэ төлбөргүй
хийж байгаа юм. Манайд өндөр өртөгтэй лекц их зохиогдож байна. Арав,
хорин мянган төгрөг гээд л. Зарим нэг нь хамаг мөнгөө шавхан байж билет
худалдаж авдаг. Харин гарч ирэхдээ ямар мундаг хүн бэ гэсэн бодол
өвөрлөж гарч ирдэг нь харамсалтай. Өөрийгөө нээх боломжийг заавал өндөр
үнээр олж авах шаардлагагүй гэдгийг л үе тэнгийнхэндээ хэлэх гэсэн юм.
Монгол улсад маань хөгжил цэцэглэл хэрэгтэй байна. Бид ирээдүйдээ
хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй биз дээ.
-Сонгуульд нэр дэвших гэж байгаа юм уу? Сүүлийн үед бүх хүмүүсийг л сонгуулийн сурталчилгаа хийж байна гэж хардах боллоо.
-Үгүй ээ, яалаа гэж. Би тийм муу хүн ыиш. Үнэндээ бол луйварчин биш.
-Нэр дэвшигчдийг луйварчин гэж хэлэх гээд байна уу?
-Ихэнх
хүмүүс тэгж бодож байгаа байх. Телевизээр сайн мэдээ сонсогдохгүй,
сонин хэвлэлээр байнга л тэдний тухай муу муухайг бичнэ. Нэгийг нь сайн
хүн гээд бодож байтал, булхай нь илрэд гараад ирнэ.
-Улстөржөөд ч яахав. Яриагаа үргэлжлүүлье. Та лекц уншихдаа яаж хувцасладаг вэ? Хип хоп дучин болохоор чинь их сонин санагдлаа.
-Би
номондоо яаж хувцаславал та бусдын хүндэтгэлийг төрүүлэх вэ гээд л
бичсэн л дээ. Харин сүүлийн үед ажиглаад байсан чинь хүн өөртөө
таалагдах хувцасыг өмссөн үедээ л өөртөө хамгийн их итгэлтэй байдаг юм
билээ. Өглөө гэрээсээ гарахдаа дуртай хувцасаа өмсчихсөн, би ч дажгүй
харагдаж байна даа гээд л бодоод гарвал их сайхан байдаг ш дээ.
Тэгэхээр өөртөө таалагддаг хувцасыг өмсөх нь л чухал юм байна лээ дээ.
-Тэгвэл лекц уншихдаа өмссөн, хамгийн гоё сэтгэгдэл үлдээсэн ямар хувцас байдаг вэ?
-Нэг
удаа би лекц уншихдаа аравдугаар анги төгсөх хонхны баяр дээр өмссөн
судалтай цагаан костюмаа өмссөн. Яагаад ч юм тэр хувцас надад аз
авчирдаг юм шиг санагдаад байдаг. Анх тэр костюмыг өмсөөд эрдэм
шинжилгээний бага хурлаас мөнгөн медаль авч байсан.
-Ямар үнэтэй худалдаж авсан бэ?
-За ёстой санахгүй байна.
-Та лекц уншихдаа ч юм уу, илтгэл тавихдаа хип хоп хувцас өмсөж үзсэн үү?
-Нэг
удаа би хип хоп хувцастай уншаж байсан юм байна. Тэр доор нэг ширхэг
сул сандал байхаар нь очиж суугаад, хажуудаа сууж байсан ахтай яриа
өрнүүлсэн юм. Лекц уншиж байна гээд тайзан дээрээс сургамж айлдаад байж
болохгүй ш дээ.
-Темон илтгэлээ яагаад залуу хүмүүст зориулж тавьдаг юм бэ?
-Би
50 нас хүрчихээд залуучуудад зориулсан илтгэл тавьж яах юм бэ. Өнөөдөр
манай мундаг багш нар супер оюутан гээд ном бичвэл хэрхэн бичих вэ?
Оюутны амьдрал мэдэхгүй, бид нарын орчин тэдний залуу байсан үеийнхээс
шал өөр болчихсон. Залуу хүн залуусаасаа суралцдаг. Гэхдээ миний
лекцийг ирж үздэг дунд эргэм насны хүмүүс байдаг. Тэд хүүхдүүдтэйгээ
ойлголцохын тулд миний яриаг сонсдог гэдгээ ирж хэлж байсан юм. Нэг ах
бүр гомдоллосон байртай “Чи яагаад залуучуудад гээд байгаа юм бэ, би ч
бас чиний илтгэлийг сонсдог хүн байна.” Гэж хэлж байсан юм. Энэ надад
маш их урам зориг өгсөн юм.
-Темон уран бүтээлийнхээ ажлыг орхиод илтгэгч болохоор шийдээ юу?
-Үгүй дээ. Мэдээж би дуулах дуртай. Тэгэхээр тун удахгүй шинэ уран бүтээлүүд маань бэлэн болно.
-Тархи чинь хоёр өөр зүйлийг хийдэг байх нь. Та алинд нь илүү дуртай байдаг юм?
-Би
нэг юмтай санал нийлдэггүй. Дуучин хүн дуугаа л дуулах ёстой гэдэг. Энэ
бол дэндүү өрөөсгөл. Би өөрийнхөө дуулдаг дууг, лекцтэйгээ хослуулж
чадсан. Залууст яаж хэлбэл ойлгохыг би мэднэ, ямар жишээ авбал хүлээж
авахыг нь бас мэднэ. Би өөрөө оюутан учраас, тэдэнтэй адилхан сэтгэж
чадна. Лекц, тоглолт хоёрыг хослуулахад хүмүүс ямар сайхан хүлээж
авсаныг ч харсан.
-Цомог гаргах төлөвлөгөө байгаа юу?
-"One world” цомог маань тун удахгүй хэвлэлтээс ирнэ. Одоо 70 хувьтай явж байна.
-Нэг дэлхий, нэг ертөнц. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?
-"One world” нэртэй шинэ дуу хийсэн байгаа. Энэхүү дуугаа таванорны реппер залуустай хамтран дуулсан.
-М Tv-гээр Монгол дуучин гадуудуудтай хамтарч дуу хийсэн тухай гарч байсан гэж сонссон. Темон байсан юм уу?
-Малайзын
M Tv ш дээ. Бид "One world” дуугаа дуулж байхад Малайзын M Tv сувгийхан
олон орны дуучид хамтарсан гэж их сонирхоод 30 минутийн ярилцлага
хийсэн юм аа. Тэрийг сонссон байх.
-Та цаг барьдаг хүн үү? Их том цаг зүүсэн байна шүү.
-Цаг барихыг хичээдэг хүн.
-Сүүлчийн асуулт.
Шинэ
Улаанбаатарыг бий болгож, хотын соёлыг түгээх талаар залуучууд дуу
хоолойгоо нэгтгэж “I Love new UB” гэсэн нэртэй бугуйвчаар гангардаг
болоод байгаа. Та энэ хөдөлгөөний талаар ямар бодолтой байна?
-Би
дэмжиж байгаа. Миний адил залуус бүгд л дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч,
хотын соёлыг уриалж байгаа шүү дээ. Тэр бугуйвчийг би “new UB” клубийн
нээлтэн дээрээс авсан. Үнэн хэрэгтээ энэ бугуйвч гоёл болоод
хувирчихсан байна лээ. Зүүгээд явж байгаа хүн хог хаяхгүй гэдэг уриатай
болохоор ч тэр юм уу, дандаа л соёлтой залуусын гарт явж байгаа нь
харагддаг.
Т.Нипонь /2008 оны 5 сарын 25/