“Playboy” сэтгүүлийн эзэн Хью Хефнер өөрийн бүх активаа Чикаго хотоос Лос Анжелос руу шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Саятан Хью Хефнер энэ шийдвэрээ “Өөрөө ихэнх цагаа Калифорни мужид өнгөрөөж байгаа учир сэтгүүлээ нүүлгэх болсон” гэж тайлбарласан байна. “Chicago Tribune” сонинд тэрээр Чикаго хотын иргэдэд талархаж явдгаа илэрхийлээд, өөрийн хайртай хотоо орхихдоо харамсч байгаагаа бичсэн ажээ. Хью Хефнер өөрийнх нь амьдралын хамгийн сайхан цаг үе энэ хоттой холбоотой гэдгийг ч онцолсон байна. Түүнчлэн “Playboy” сэтгүүл энэ том мегаполис хотоос өөр ямар ч хотод ингэж амжилт олж чадахгүй байсан гээд сэтгүүлийн хамт олон бүгдээрээ төрөлх хотоо мартахгүй гэж бичсэн байна.
“Playboy” сэтгүүлийн анхны дугаар 1953 онд Чикаго хотод хэвлэгдэн гарч, тухайн үедээ гайхам амжилт олж байсан билээ. Энэ сэтгүүлийн нүүрийг Элизабет Тейлор, Синди Кроуфорд, Памела Андерсон, Данни Миноуг болон бусад одууд чимж байсан юм. Шоу бизнесийн од болсон олон бүсгүйчүүд энэ сэтгүүлийн нүүрэнд зургаа татуулан, амжилтын гараагаа эхэлж байсан түүхтэй.
Н.ТУНГАЛАГ