Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Кужугетыч

Борис Ельцин залуу сайд Сергей Шойгугийн эрч хүч, залуу нас, санаачлагад сэтгэл дүүрэн явж ирснээ нууж байсангүй

Гавьяагаар түрүү барихгүй, бусдын хэрэгт хамраа дүрэхгүй, үүний хажуугаар ер бусын, үр дүнтэй, давтагдашгүй байж чадах өөрийн улс төрийн урт амьдралын жорыг залуу насандаа бий болгож чадсан хүн бол Сергей Шойгу.

Сергей Шойгу гэдэг нэр ямар нэгэн дээд амжилтын номонд бичигдэхээр сэтгэгдэл төрүүлнэ.  Тэр хүн Оросын нэн шинэ түүхэнд “хамгийн урт настай” сайд. Дээр нь түүний нэр Орос орны хамгийн алдартай улстөрчдийн эхний гуравт тогтмол ордог. Эцэст нь Компромат.Ru гэдэг дуулианы сайтад түүний хэрэг хамгийн “нимгэн”. 21 жилийн хугацаанд дөнгөж 22 асуудалд нэр холбогдож амжжээ!

Хэрэв тэр баруунд амьдарч байсан бол ийм нэр хүндтэйгээр ерөнхийлөгчид өрсөлдөхөд гараад л ирэх байсан биз. Шойгу дорнын ертөнцөд төрсөн бол, Тыва нь Казахстан шиг улс байсан бол “Үндэсний эцэг” гэгдээд л сууж байх байсан болов уу. Гэтэл тэр улс төрийн зохицолтой Европ нь хэт амгалан Азид хувирдаг нутаг оронд төржээ.  Тийм ч учраас шинэ Оросын бүх Засгийн газрын  сайд, Оросыг гамшгаас аврагч, Оросын баатар, армийн генерал Шойгу одоо Москва мужийн захирагчийн даруухан суудлыг голж шилсэнгүй.

Харин тэр суудлыг даруухан гэж болох уу? Муж нь газар нутаг, эдийн засгийн жингээрээ Европын жижиг оронтой зэрэгцэхээр. Муж нь “үндэсний лидерээр” удирдуулах хүсэлдээ эртнээс бэлтгэгдсэн ч юм бил үү?

Түүний зарчмууд

Олон жилийн турш манай баатрыг нууцлаг бонапартизм гэж хардаж сэрдэж байсан нь зугаатай. Үе үе сонин хэвлэлээр Сергей Шойгугийн өлгийдөн өсгөсөн “үл үзэгдэх вант улсын тухай таамаглал болсон зүйл бичигддэг. Ингэх хөрс нь ч хангалттай. Онцгой байдлын яамны системд “зэр зэвсэг агссан” хэдэн зуун мянган хүн байгааг өөрсдөө төсөөлөөд үз. Улс орны бүх нутаг дэвсгэрийг аль эрт ерээд онд Шойгу бүсийн төвүүдэд хуваасан байлаа. Төвүүд өнөөгийн холбооны тойргуудын хил хязгаартай олон талаар тохирдог. Суурин бүрт л шахуу хүч, хэрэгсэл, нөөц төвлөрсөн байгаа. ОБЯ өөрийн нисэх хүчинтэй, флоттой, газар доорхи нуувчууд, хамгийн сайн харилцаа холбоо, дээд зэрэглэлийн шинжлэх ухааны баазтай. Онцгой байдлынханд нохой сургагчдаас эхлээд сэтгэл зүйчид, генералуудын бүлэглэлээс элитийн тусгай анги хүртэл бүгд бий. Энэ бүгдийгээ Шойгу цахим төрөөрөмжөөр ханаж цадсан Москвагийн үндэсний төвөөс удирдана. Сергей Кужугетовичид агаарын командын удирлага ч байгаа.

Тэгэхлээр, ахар ухаантнууд энэ бүгд нь засаг авахаас өөр юунд хэрэгтэй вэ гэж бодох нь энүүхэнд л дээ. Үүний хариулт ганцхан. Асуудал өөр. Сайд энэ бүгдийгээ хэзээ ч дураар нь тавьдаггүйд л байгаа. “Нэгдмэл Орос нам” 2003 онд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсны дараа сонгуулийн жагсаалтын эхэнд багтаж байсан Шойгу ерөнхий сайдын санал ирнэ гэж хүлээж байсан гэх. Гэвч түүний сэтгэлийн хөөрөл тэгэхэд ч гадагш гараагүй юм. Танхимыг Фрадков толгойлоход Шойгугийн нүүрний ганц ч булчин хөдлөөгүй.

Сайд дарга нартай үргэлж хэл амаа ололцож иржээ. Өөрийн дарга Владимир Путины хамт нутагтаа. Тыва, 2007 он. Фото: Алексей Дружинин (РИА Новости)

Сайдыг мэдэх хүмүүс ямар ч нөхцөлд улс төрийн утга санаагаар илүү байх ёстой гэдгээ дохио зангаагаар ч гаргаж байгаагүй гэдэг  юм билээ. Сэтгүүлч нарын халуун дулаан хүрээнд тэр хэм хэмжээний хязгаарт чөлөөтэй ярих нь байдаг ч улс орны тэргүүн хүмүүсийн тухай онигоо, шоглоомыг түүнээс хэн ч хэзээ ч сонсохгүй. Шойгу улс төрийн сэдвээр ярилцлага өгөх огт дургүй. Ургац, цаг агаар, хөлбөмбөг гээд л эхлэнэ үү гэхээс улс төрөөр тэр огт ярьдаггүй. Түүний нэрийг улс төрийн сэдэвт оруулсан байх нь нервийг нь аймшигтайгаар хөдөлгөнө.

Нэг ийм жишээ..

Ерээд оны хоёрдугаар хагаст ОБЯ-ыг Ойрхи Дорнодын томоохон дипломат тоглоомд татан оруулсан байлаа. Америкийн “Томагавка” пуужингийн цохилтын дараа түүний яам Иракт хүмүүнлэгийн тусламж хүргэх хэрэгтэй болов. ОБЯ-ны цуваа Иранаар дамжин Иракт орсон юм. Цувааг Шойгу өөрөө  толгойлсон ба түүнд Ельцины хувийн илгээлтийг Саддам Хусейнд гардуулах үүрэг ноогджээ. Аян амжилттай болсон ба дараа нь ерөнхийлөгчийн даалгаварыг Шойгу биелүүлсэн тухай нийтлэлийг “Сегодня” сонинд нийтэлсэн байв. Тэр үед өрсөлдөгчдөө тэвчдэггүй Примаков Гадаад хэргийн сайд байлаа. Евгений Максимовичийн дургүйцлийн талаар Шойгу мэдээд өөрийн хэвлэлийн албыг энд дайчилсан байв. Үр дүнд нь тэр сэтгүүлч Примаковт хувийн захидал бичин учир явдлыг ойлгоогүйдээ уучлалт гуйжээ.  Энэ онигоо болохоор шахуу тохиолдол нь хэзээ ч өөрийн гавъяа зүтгэлээр түрүү барьдаггүй Шойгугийн улс төрийн зарчмын нэг илрэл нь юм. Бусдын хэрэгт хамар дүрэлгүйгээр, гэхдээ өөрийн ер бусын, үр дүнтэй, огт өөрчлөгдөшгүй чанараа хадгалан үлдэх нь үндсэн зарчим юм.

Гэхдээ тэрээр өөрийн үнэ цэнийг мэддэг. Немцов дээгүүр тушаалд байхдаа  төрийн түшээдийг орос машинд суулгах гэсэн юм. харин Шойгу “Мерсээ” л унасаар байв. Энэ талын асуудалд тэр хариулахдаа “надад унана гэж хуваарилагдсан юм шүү” хэмээн хариулжээ. Үнэндээ ч Иргэний хамгааллын олон улсын байгууллагыг толгойлсон тэр тийм машин унах ёстой байсан гэнэ. Цагаан ордон  тэвчээд л өнгөрсөн билээ…

Түүний дарга нар

Янз бүрээр гарч ирсэн улс орны удирдлагатай Шойгу зохицож чаддаг. Ельцин гэхэд түүнд гүн дэмжлэгээ үзүүлснээс гадна жинхнээсээ сайн ханддаг байв. Тийм ч байснаас Сергей Кужугетович нь Борис Николаевичийн гадуурх хүүхэд гэсэн яриа ч гарч байлаа. Ельцины хувьд долигонуур, дагалдсан зангүй залуу сайд хүү шиг нь санагдаж байсан байх. Түүний гуйлтад Кремль хэзээ ч татгалзаагүй гэдэг. Гэхдээ тэр өөртөө биш, албандаа л гуйж явсан юм. Ельцины үед л ОБЯ өөрийн материал, техникийн баазаа бий болгожээ. Сайдын энгэрийг 1999 онд Оросын баатрын тэмдэг чимсэн юм. Дээр нь генералын дөрвөн одыг тэрээр 2003 онд Путины гараас авчээ. Тэр хамгийн залуу армийн генерал байв. Шойгу өөрөө Ельцинд бас л сайнаар ханддаг байлаа. 1996 онд Ельцины сонгуулийн кампанид оролцсон юм. Тэрээр ОБЯ-ыг улс төрөөс гадна гэдэг зарчмын төлөө харин хатуу зогсч иржээ. Путин тэр хоёр бараг нас чацуу. Хоёулаа ”гар ажиллагааны удирдлагын” мастерууд. Тэд асуудлыг гол төлөв газар дээр нь шийддэг хүмүүс. Үүний зэрэгцээ сайдын санаачлагатай, үр дүнтэй ажилд нь Путин дуртай гэх. Энүүхэндээ гэхэд Ельцинийг залгамжлагч нь Путин байх ёстой гэ:ж Шойгу анхлан дэмжсэн гэдэг. Тийм зүйл юу гэж мартагдах билээ. Хоёулаа сайн найз нар бололтой. Путины  Кони нохойг Шойгу гөлөг байхад нь бэлэглэжээ.
Сергей Кужугетович л Владимир Владимировичид Оросын хамгийн сайхан дархан газруудыг нээж өгсөн гэх яриа байдаг. Тувад загасчилж, Байгаль нуурын гүнд шумбах, баавгай ба цагаан бартай тааралдсан түүхэнд нь Шойгу оролцож байсан ч зураг авалтад өртөлгүй “хажууд нь” үлдсэн байв. Зэрэг дэвийн асуудалд тулах үеэр хаана зогсох, хэдэн алхамын цаана явахаа Шойгу сайн мэднэ.

Түүний найз нөхөд

Нийтийн мэдэх хүмүүсээс тэр Сергей Лавровт дотно ханддаг гэх. Шойгу намын ажил, хөлбөмбөг, гитарын дор дуулах гээд л Борис Грызловтой нөхөрлөдөг гэсэн яриа бий. Уран бүтээлчдээс тэр Никита Михалковтай нөхөрлөдөг, харин сүүлийн үед тэдний нөхөрлөл хүйтэрсэн гэж хэлэх болсон байна.

Хэвлэлийнхнээс “Моквагийн комсомолец” сониныы ерөнхий редактор Павел Гусев муугүй ханддаг ажээ. Ажлын талаасаа өөрийн орлогч байсан одоо сенатор Юрий Воровьевтай найз нар гэх. Тэр хоёр бие биендээ түшигтэй, Оросын Онцгой байдлын яамыг бий болгоход хамгийн их таарч тохирон ажиллаж чаджээ. Түүний дурсах дургүй нэг хэрэг байдаг. Аюулгүй байдлын яамыг толгойлж байсан сайн найз нь гэх дэслэгч генерал Ганаев 2003 онд баривчлагдан олон хүнд хэрэг хийсэн нь илэрч, 20 жилийн ял авсан билээ. Тэрээр хэрэг шийтгэгдэх хүртэл итгэхгүй байгаад эрүүгийн хэрэгтэй нь танилцаад жинхэнэ хилэгнэсэн гэж мэдэх хүмүүс нь ярьдаг…

Шойгуд дайсан бий юу? Асуултад хариулт байхгүй. Хэрэв дайсан байсан бол тэр нь хэзээ ч ил хэлэгдэж байгаагүй юм. Түүний захиргаанд байдаг хүмүүст тэр их догшин ханддаг гэнэ. Өөрийн өрөөнд дуудан загнаж байхдаа гомдмоор үг хэлж магадгүй. Харин өөрөө түүндээ  хожим их шаналах авч уучлалт гуйна гэсэн зүйл үгүй хэмээн ярьдаг. Хэрэв өөрийгөө түүний багийн хүн гэж итгэдэг хэн ч түүнд гомдоод явдаггүй гэнэ. Мөн тэрээр ОБЯ-ны хаягаар шүүмжлэл сонсвол сэтгэлээр унадаг.  Гэхдээ сайдын хилэгнэл өөр талтай. Тэр хүмүүсээ ямагт нэрээр нь санаж явдаг ба харилцаандаа их энгийн. Амиа алдсан аврагчийн ар гэрийнхэнд өөрөө утасдан гашуудлаа хуваалцдаг. Онгоцон дахь суудлаа  сэтгүүлчид тавиад өгчих жишээтэй. Эдгээр бүх жилүүдэд түүнд нэр хоч гарч ирээгүй нь бас нэгийг өгүүлнэ. Яаманд нь ч, Засгийн газарт ч түүнийг гэрийнх нь маягаар Кужугетыч гэж авгайлдаг ажээ.

Түүний үзэл бодол

Манай баатрын өөрийн үзэл бодол нь ямар вэ? Түүнийг либерал гэхэд хэцүү гэлээ ч консерватив гэхээргүй. Юуны өмнө яс цусны технократ гэвэл их нийцэх байх. “Хүн бүгд өөрийн байрандаа, эхлээд өөрийн тавьсан зоригоо биелүүлэхийн төлөө байх ёстой. Харин түүний дараа  зөрөлдөөнөө ярьж болох юм” хэмээн Шойгу ярьдаг. Энэ томьёолол нь түүнийг хорин жилийн турш байранд нь байлгасан юм. Тэр заримдаа сонин хачин санаа дэвшүүлнэ. Сонгуульд гурван удаа оролцоогүй хүний иргэний эрхийг хасья, эсвэл Агуу эх орны дайны ялалтыг зөвшөөрөхгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэе гэсэн санаачлага түүнээс сонсогдож байсныг хэвлэл лавтай дэмжээгүй.

Сергей Кужугетович практик талаа илүүд үздэгээ хэзээ ч нууж байсангүй.  Практик амьдрал нь үнэний ямар ч номнолоос илүүтэй нь худал биш. Тэгэж бодохоор  хамгийн нэр хүндтэй ажил хэрэгч яамны тэргүүнээс мужийн захирагчаар томилогдох нь улс төрийн уналт биш, харин ч хэрэгтэй газарт дэвшсэн хэрэг болох ёстой. Москва мужид намрын хүхэр ямагт шатаж байдгаас түүнийг захирагчаар томилсон гэж үзвэл алдас болно биз дээ.

Оросын долоо хоног тутмын “Итоги” сэтгүүл, Игорь Галичин.

Ш.МЯГМАРСАМБУУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж