Дэлхийн зарим лидерүүдийн орд харш

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн зарим лидерүүдийн орд харш

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин 19-р зууны үед баригдсан харшид 2008 оноос хойш амьдарч байна. Түүний харш Ново-Огаревод  буюу Москва хотын  Рублево-Успенскому метроны буудлаас 10 км зайтай байдаг гэнэ. Энэ хавийн газар нь үзэсгэлэнт байгальтайгаараа алдартай юм.
Ерөнхий сайдын харшид гадны хүмүүс орох эрхгүй бөгөөд экскурс аялал хийхийг зөвшөөрдөггүй гэнэ.

Франц улсын төрийн тэргүүнүүд Елисейн талбай дахь ордонд амьдардаг юм. Ордонд хүмүүс орохыг хориглодог гэнэ. Гэхдээ  жил бүрийн есдүгээр сарын амралтын нэг өдөр Парис хотын оршин суугчид Елисейн ордонд орж, ерөнхийлөгчийн гэрийн зарим өрөөнүүдтэй танилцахыг зөвшөөрдөг юм байна. Энэ ордон 18-р зуунд баригдсан бөгөөд 1873 оноос хойш ерөнхийлөгчийн өргөө болсон ажээ.

Цагаан ордон буюу АНУ-ын ерөнхийлөгчийн байр нь 1800 онд баригдсан байна. 1789 оноос 1797 оны хооронд ерөнхийлөгч байсан Жорж Вашингтоноос бусад АНУ-ын бүх ерөнхийлөгчид Цагаан ордонд амьдарч байсан гэнэ.
Зургаан давхар бүхий энэ ордонг уран барилгач Жеймс Хобаны зураг төслөөр палладиан загвараар барьсан ажээ. Ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордны хоёр давхрыг эзэмшин амьдардаг бөгөөд ерөнхийлөгчийн ажлын өрөө нь зууван хэлбэртэй байдаг юм байна.

Их Британи улсын Ерөнхий сайд нар Лондон хотын Даунинг стрит 10 хаягтай байранд амьдардаг юм. 1735 оноос энэ байранд Их Британийн ерөнхий сайд нар амьдарч эхэлсэн түүхтэй бөгөөд 1902 оноос хойш байнга оршин суух  болсон ажээ. Байшингийн дугаар эхлээд 5 дугаартай байсан бөгөөд хожим нь 10 болсон гэнэ.

1985 онд Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер “10 дугаар нь үндэсний хамгийн үнэ цэнэтэй тоо боллоо” гэж хэлж байжээ. Энэ байшин нь 100 орчим өрөөтэй бөгөөд хонгилд нь гал тогоо болон хоолны өрөө байдаг байна. Ерөнхий сайд энэ байрандаа байдаг ажлын өрөөндөө Засаг захиргааны сайдууд, үндэсний лидерүүд болон гадаадын зочдоо хүлээн авдаг юм байна. Байшингийн дотоод хаалга нь цэцэрлэгт хүрээлэн болон модот гудам руу гардаг гэнэ.

Берлин хотын Бельвю ордонд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч амьдардаг юм байна. 2005 онд Бельвю ордонг сэргээн засварлахаас өмнө Германы ерөнхийлөгч Шарлоттенбургийн ордонд амьдарч байжээ.

Бельвю ордонг 1786 онд уран барилгач Михаэл Филипп Боуманы зураг төслөөр ханхүү Август Фердинандын зуны өргөө болгон барьсан ажээ. Август Фердинанд нь Пруссийн Фридрих II хааны бага дүү байжээ. Дэлхийн хоёрдугаар дайнд сүйдсэн Бельвю  ордны дотоод заслыг анхны зураг төслөөр нь сэргээн зассан гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж