
Нийт 1 цаг 30 минут үргэлжилсэн энэхүү тоглолтыг үзсэн Хятадын 450 орчим үзэгчид оюутан О.Анхчимэгийн дуулсан уртын дуу, Б. Санжаажавын хөөмий, оюутан Н.Жигжиддоржийн морин хуурын гоцлол, оюутан Э.Намуунаагийн төгөлдөр хуурын гоцлол, сурагч Г.Чингүүн, Х.Санчир нарын виолончель, хийлийн гоцлол, багш Ш. Дуламсүрэн, Б.Зоригт нарын удирдсан виолончель, цохиур хөгжмийн чуулгын тоглолтуудыг халуун дотноор хүлээн авч, өндрөөр үнэлжээ. Хөгжим бүжгийн коллежийн авьяаслаг оюутан, сурагчид өчигдөр мөн Бээжингийн Нэгдсэн их сургуулийн Багшийн сургуульд зочилж, уран бүтээлээ толилуулсан байна. Монголын авьяаслаг хүүхэд, багачуудыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар ЭСЯ-даа хүлээн авч уулзан, баяр хүргэжээ. Бээжин хотноо хийсэн энэхүү тоглолтыг зохион байгуулахад “Оюутолгой” ХХК болон “Эрдэнэт” ХХК-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрынхан санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.