Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөл гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар арилжааны банкуудын харьяа охин компанийн брокерийн үйл ажиллагааг зогсоожээ. Арилжааны банкууд үнэт цаасны зах зээлд оролцох эрх хоёр жилийн өмнө Банкуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар нээгдсэн байна. Тэгвэл Банкны тухай хуульд зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс зуучлан худалдах, худалдан авах гэсэн заалтыг ийнхүү Хяналтын зөвлөлийн хуралдаанаар хүчингүй болгосноор банкуудын дэргэдэх охин компаниуд үнэт цаасны арилжаа хийх эрхгүй болж байгаа ажээ. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамбаас тодруулсан юм. Тэрбээр “Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг брокер, дилерийн компани болон Арилжаа эрхлэгчдийн холбооноос гаргасан гомдлыг Хяналтын зөвлөлөөс авч хэлэлцээд хүчин болгосон. Харин арилжааны банкуудын үйл ажиллагааг танасан энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр цаашдаа банкуудтай хэлэлцэх шаардлага байгаа” тухай ярьсан юм.
У.БОЛОР