Сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Сайдыг огцруулах асуудлыг хойшлуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан ч чадсангүй, хойшлууллаа. Тус хуралдаанд байнгын хорооны дарга Д.Одбаяраас өөр гишүүн ирээгүй юм. Байнгын хорооны даргын хувьд ч хуралдааныг хийх сонирхол тун бага байсан бололтой, ердөө 7-8 минут гишүүдийг хүлээж сууж байгаад “Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулж байна” гэж мэдэгдсэн юм.

Дашрамд сануулахад, өнгөрсөн долоо хоногийн турш Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах уу, яах вэ гэдэг шийдлийг гаргах гэж ядсаар долоо хоногийг ардаа хийсэн УИХ энэ удаад Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах уу, эсвэл танхимд нь үлдээх үү гэдэг шийдлийг олохын тулд мөн л байнгын хороогоо хуралдуулж чадахгүй хойшлуулсаар дахин нэг долоо хоногийг барж мэдэх төлөвтэй боллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж