1000 гаруй жилийн өмнө бичсэн гэгддэг “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор Ардын жүжигчин Ц.Батчулуун, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Н.Ганхуяг нар ажиллаж байгаа юм. Харин жүжгийн гол дүрүүдэд Г.Урнаа, Д.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Т.Түвшинхүү Д.Ганцэцэг, Б.Болормаа, Б.Нармандах, Ц.Баясгалан, Б.Эрдэнэцэцэг, Г.Отгонцэцэг, жүжигчин Б.Тамир, А.Баасанжаргал, нар тоглох юм байна. Харин жүжгийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Мичид Алтай” компани ажиллажээ.
УДЭТеатрын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэхүү жүжгээр 2012 оны шинэ уран бүтээлээ эхэлж байгаа бөгөөд энэ сарын 27-нөөс эхлэн өдөр бүр 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглох юм байна.
Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болсон гал халуун дурлал, үнэнч хайр, тэрхүү агуу их хайрыг дагасан баяр баясгалан, зовлон шаналалыг хурцаар өгүүлсэн энэхүү жүжгээ зохиолч Б.Галаарид дэлхийн анхны роман гэж зүй ёсоор тооцогддог “Гэнжийн туульс” романаас сэдэвлэжээ. “Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү /жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус/ зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгдэж байна. Дэлхийн 30-аад оронд орчуулагдсан энэ романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа аж. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм.