Башар Асадыг засгийн эрхээ өгөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Башар Асадыг засгийн эрхээ өгөхийг шаардав

“Сири улсад маш аюултай цаг үе тулж ирээд байна. Ням гаригт Засгийн газрын арми Дамаск хотын захын дүүргүүдийг буудлаа” хэмээн Арабын орнуудын телевизүүд мэдээлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс ажиглагчдынхаа тоог 300 хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа Сирийн Засаг захиргааны цэргүүд дүүргүүдийг буудаж эхэлсэн гэнэ. Хама хотод 322 босогч бууж өгсөн бөгөөд тэд дахин Сирийн Засаг захиргааны эсрэг тулалдахгүй хэмээн зэр зэвсгээ өгсөн ажээ. НҮБ-ын тусгай элч Кофи Аннан ням гаригт Сирийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Сирийн Засгийн газар болон босогчдод хандан, хүчирхийллээ зогсоож улс үндэстнээ нэгтгэхийг уриалсан байна. Түүнчлэн тэрээр Сири улсад ажиллаж байгаа НҮБ-ын болон Арабын орнуудын лигийн ажиглагчдад хандаж, одоо Сирид байдал тогтворжих эгзэгтэй мөч ирж байна гэж хэлсэн гэнэ. Сирийн ард түмний ашиг сонирхлын төлөө улс төрийн тайван байдал бий болгохын тулд ажиглагчид ажиллах хэрэгтэй гэж К.Аннан тэмдэглэжээ.

Европын Холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр Люксембург хотод уулзах үеэрээ Сирийн Засаг захиргааны талаар ЕХ-ноос авсан шинэ хориг арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Европын Холбооны орнуудаас Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг засгийн эрхээ өгөхийг шаардсан бөгөөд түр зуурын ардчилсан хүчинтэй энхийн хэлэлцээр хийж, засгийн эрхээ тайван замаар өгөх хэрэгтэй гэж үргэлжлүүлэн шаардсаар байна.

НҮБ-ын мэдээгээр жил гаруй үргэлжилж байгаа иргэний дайнд 10 мянга гаруй хүн амиа алдсан юм. Түүнчлэн Сирийн армийн болон тусгай албаны дайчдаас 2,5 мянган цэрэг босогчидтой тулалдах явцад амь эрсэдсэн гэж  Дамаск мэдээлсэн байна.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж