ОУВС: Дэлхийн эдийн засаг сэргэж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

ОУВС: Дэлхийн эдийн засаг сэргэж байна

ОУВС-гийн Санхүүгийн хорооноос өнгөрсөн баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ “Дэлхийн эдийн засаг хямралын дараа аажмаар сэргэж байна гэж дүгнэсэн талаар ИТАР-ТАСС бичлээ. ОУВС-гийн удирдах зөвлөлийн ажилтнуудын уулзалтын дараа дээрхи мэдэгдлийг гаргасан бөгөөд сүүлийн үед дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэх шийдвэртэй алхмуудыг Евро бүсэд хэрэгжүүлсэн гэж тэмдэглэсэн байна. Хямралыг даван туулах шаардлагатай арга хэмжээг зөвхөн зарим улсын хэмжээнд биш бүс нутгийн хэмжээнд авсан нь үр дүнд хүрсэн гэжээ. Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан нь дэлхийн эзийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэж албаны хүмүүс онцолсон байна. Мөн хөгжиж байгаа орнуудын зах зээл нь дэлхийн эдийн засаг бэхжихэд чухал үүрэгтэй хэвээр байна гэжээ. Тиймээс ОУВС-гийн Санхүүгийн хорооноос хөгжиж буй бүх улсын эдийн засгийн талаар стратеги боловсруулах хэрэгтэйг чухалчилсан аж.

Мөн Евро бүсийн бүтцийг өөрчлөх нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон бүс нутагт итгэлцэл бий болгоход маш хэрэгтэйг мэдэгдэлд дурдсан байна. Евро бүсэд шатахууны үнэ тогтворгүй, өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байгаа нь дэлхийн эдийн засагт сөрөг үр дүнг дагуулж байгаа юм. Тийм учраас ОУВС-гийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдийн засгийн өсөлт болон инфляцид нөлөөлж байгаа дээрхи үзүүлэлтүүдийг тэнцвэржүүлэн, хямралын эрсдлийг бууруулах хэрэгтэй юм. ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард хэлэхдээ энэ оны аравдугаар сар гэхэд квотын системийг өөрчлөх үндсэн арга хэмжээг авна гэжээ. Энэ удаагийн хурал дээр ярьсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг ирэх аравдугаар сард Токиод болох хурлын үеэр хэлэлцэнэ гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж