Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол цөм болсон мэдээллийн болон үзэл бодлын чөлөөт урсгалыг амьдралд хэвшүүлэх агуу хэрэгсэл болох Интернэтийн ач холбогдол асар хурдтай нэмэгдэж буй явдлыг хүлээн зөвшөөрч;
Интернэтын удирдлагын талаар өрнөж буй мэтгэлцээн, Интернэтэд нэвтэрч буй засаг төрийн оролцоо өсөн нэмэгдэж буй түгшүүрийг ухамсран;
Зарим нэг улс орны засгийн газар терроризмтой тэмцэх шаардлагыг үндэслэл болгон ашиглаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарлаж буй хууль батлах гэсэн оролдлогыг буруушаан;
Нийгмийн дэг журам, үндэсний аюулгүй байдлын хүрээнд өдөөн турхиралтанд уриалсан үзэл бодлыг хязгаарласан стандарт нь бүрхэг, хэт өргөн утгатай болон аажмаар өөрчлөгдөж буйд санаа зовниж дараах Тунхаглалыг батлав.
Интернэт
- Интернэт үйлчилгээний нийлүүлэлт, цахим хуудас, блог буюу мэдээлэл түгээлтийн онлайн систем, түүнчлэн Интернэт өргөн нэвтрүүлэг ажиллуулахын тулд бүртгүүлэх, төрийн аливаа байгууллагаас зөвшөөрөл авах ёсгүй. Энэ нь зөвхөн техникийн зориулалтаар домэйн нэрийн эрхийн бүртгэл, эсвэл арилжааны аливаа хэлбэрт хамааралтай ерөнхий хэрэглээний дүрэм журамд хамаарахгүй.
- Хэвлэмэл болон өргөн нэвтрүүлгийн хэвлэл мэдээллийн салбарт засгийн газар, улс төр, арилжааны нөлөөнөөс хамгаалагдах эрх чөлөө нь дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн адил олон улсын болон үндэсний хэмжээнд интернэтийг дээрх нөлөөллөөс хараат бус байгууллагууд хянах ёстой. Интернэтийн домэйн нэрийг зохицуулах дотоодын дүрэм журам нь агуулгыг нь хянах хэрэгсэл хэзээ ч болох ёсгүй.
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрснөөр интернэтэд холбогдох боломжийг, түүний дотор улсын мэдлийн сүлжээгээр дамжин холбогдох боломжийг, хангах зориулалтад зохих хөрөнгө нөөц гаргах үүргийг нийт улс гүрэн хүлээнэ. Бүх нийтийн хүртээмжийг хөхиүлэн дэмжих хангалттай боломж бүрдүүлэх үүрэг хүлээлгэдэг. Ядуу буурай улс орнуудад тэдгээрийн үүргээ гүйцэтгэхэд нь олон улсын хамтын нийгэмлэг тусламжийн хөтөлбөрүүдийн хүрээнд энэхүү чиглэлд тэргүүн ач холбогдол өгөх ёстой.
- Засгийн газар буюу аливаа арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон, эцсийн хэрэглэгч хянах боломжгүй шүүлтийн системүүд нь цензурын өмнөх хэлбэр бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэлгүй юм. Эцсийн хэрэглэгчдэд зориулагдсан шүүлтийн системийн бүтээгдэхүүн нь ажиллах заавар, хэт шүүлтээс үүдэлтэй оюун санааны урхийн талаар тодорхой мэдээлэл олгосон нөхцөлд түгээгдэнэ.
- Интернетэд тавьсан аливаа мэдээллийн зохиогч, эсвэл өөрийн болгон тавьсан хүн буюу тэрхүү мэдээллийг Интернетээс авах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан этгээдээс бусад аливаа этгээд Интернэт дэх мэдээллийн агуулгын талаар хариуцлага хүлээх ёсгүй. Интернэтийн контентэд хамаарах хууль тогтоомж нь зөвхөн албан ёсоор тогтоогдсон зохиогч, буюу утга агуулга нь тусгайлан хамаарах улс орны хүрээгээр хязгаарлагдах бөгөөд мэдээллийг аливаа оронд татан авсан гэдгээр нь хуулийн хариуцлагад татаж болохгүй.
- Интернетээр түгээж бүй аль эсвэл хүлээн авч буй мэдээллийн хязгаарлалтыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаатай нарийн уялдаа холбоотой, интернэтийн онцлогийг харгалзан тогтоох ёстой.
- Интернэт хайлт, чат, хэвлэн нийтлэл болон бусад үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд өөрсдийн үйлчлүүлэгчдийн Интернэтийг гадны нөлөөгүй ашиглах эрхийг нь хүндэтгэх талаар баталгаа гаргах ёстой. Зарим улс оронд үйл ажиллагаа явуулахтай холбоотой бэрхшээл учрах үед, эдгээр байгууллагуудыг бусад оролцогчдын дэмжлэгтэйгээр энд бичигдсэн зарчмуудын эсрэг интернэтийн хэрэглээг хянах, эсвэл хязгаарлах албан ёсны оролдлогуудыг эсэргүүцэх үйл хэрэгт хамтран ажиллахыг сайшаана.
Терроризмын эсрэг авах арга хэмжээнүүд
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх бөгөөд энэ эрхийг терроризмтой холбон хязгаарлах нь тодорхой террорист санаархал, ялангуяа хүний эрхийг зөрчих явдал үүсэхэд түлхэц болж болзошгүй.
- Терроризмыг өдөөн турхирах, эсвэл терроризмын үйл ажиллагааг хориглох үйл ажиллагаа нь хууль ёсны боловч улс орнууд үзэл бодол илэрхийлэхийг хязгаарлахдаа “терроризмыг магтан дуулсан”, “өргөмжилсөн” гэх мэт тодорхой бус үг хэллэг хэрэглэх ёсгүй. Өдөөн турхирах гэдгийг терроризмд шууд уриалан дуудах, санаатайгаар дэмжих буюу энэхүү уриа нь террорист үйл ажиллагаанд хүргэх магадлалыг бодитоор нэмэгдүүлэх гэсэн утгаар ойлгох ёстой.
Эмбей Лигабо
НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч
Миклос Харазти
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага
(OSCE)-ын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч
Эдуардо Бертони
Америкийн муж улсуудын байгууллага (OAS)-ын
үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч