компани зориулалтын хог тээврийн машинуудыг нийлүүлж байна
БНСУ-ын "Хьюндай Мотор" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер "Хьюндай Моторс Монгол" компани нь ачааны автомашин, автобусаас гадна тусгай зориулалтын автомашиныг оруулж ирээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Богино хугацаанд хэрэглэгчдийн найдвартай түнш болж чадсан тус компаниас тусгай зориулалтын буюу тодруулбал хог ачих зориулалттай автомашинуудыг танилцуулах уулзалт өнөөдөр “Хьюндай Моторс Монгол” компанийн Showroom-д болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд “Монгол моторс” группын гүйцэтгэх захирал, ноён Т.Буян-Ундрах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Цэвэр агаар” сан, Нийслэлийн засаг даргын тамгын газар, дүүргүүдийн холбогдох ажилтнууд, Стандартчлал хэмжилзүйн газар, Автотээврийн газрын холбогдох хүмүүсээс гадна үйлдвэрлэгчийг төлөөлж Солонгосын "Хьюндай Мотор" компанийн тусгай тоноглолын үйлдвэрийн мэргэжилтнүүд болон гэрээт үйлдвэрлэгчид хүрэлцэн ирсэн байв.
Энэхүү уулзалтын зорилго нь үйлдвэрлэгч, хэрэглэгчдийнхээ санал бодлыг сонсохоос гадна тусгай зориулалтын автомашины стандарт шаардлага, үйлдвэрлэлийн процессыг харуулах, мөн “Хьюндай” брэндийн давуу талыг сурталчлан таниулах явдал аж. Түүнчлэн "Хьюндай Моторс Монгол" компанийн захиалан оруулж ирж буй хог ачих зориулалттай эдгээр автомашиныг Солонгосын "Хьюндай Мотор" компанийн тусгай тоноглолын үйлдвэрийн дарга, инженер техникийн ажилтнууд нь өөрсдийн биеэр тайлбарлан танилцуулж байв.
Монгол Улсын Засгийн Газраас 2011 оны 11 дүгээр сард хотын хог хаягдлыг багасгах, хор нөлөөг нь бууруулах зорилгоор тодорхой төсөв гарган, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 152 хороонд парк шинэчлэлт хийж, шинэ хогны автомашинууд авч өгөхөөр болсон билээ. Уг шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй тендер зарласнаас хоёр дүүрэг (Хан-Уул, Баянзүрх)-т тус компани шалгарчээ. Мөн Байгал орчин, аялал жуулчлалын яам, “Цэвэр агаар” сангаас зарласан тендерт шалгарч, үүний дагуу танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Өдөрлөгийн хүрээнд Солонгос улсаас ирсэн мэргэжилтнүүд Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгал, зам бартаа, түлшний чанарын талаар газар дээр нь ирж дахин судалж байсан бөгөөд цаашдаа одоогийнхоос илүү сайн Монголын нөхцөлд тохирсон автомашин нийлүүлэх тал дээр онцгой анхаарч байлаа.
Тусгай зориулалтын автомашины салбарт “Хьюндай”-тай өрсөлдөх машинууд тийм ч олон биш. Чанар, стандарт, баталгааг гол зарчмаа болгодог нь тус брэндийн давуу тал юм.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр бизнесийн салбарт шударга бус өрсөлдөөн байсаар байгаад сэтгэл дундуур явдагаа тус компанийн удирдлагууд илэрхийлж байлаа. Уг нь Засгийн Газар, Нийслэлийн засаг даргын тамгын газраас манай орны цаг агаарын онцлог нөхцөлд тохирсон, удаан эдэлгээтэй, орчин үеийн, хамгийн гол нь зориулалтын хогны машин хэрэгтэй гэсэн шаардлага тавьж, түүнд тохирсон төсөв гаргаж өгдөг гэнэ.
Гэвч зарим тендер шалгаруулалт холбогдох хууль, журам, стандартын зүйл заалтуудыг илтэд зөрчдөг бөгөөд борлогдохгүй байсан “зориулалтын бус” автомашиныг зориудаар “шалгаруулан” худалдан авсан явдал зарим дүүрэгт гарсан байна. Ахуйн хог хаягдлын тухай хууль болон батлагдсан стандартад зааснаар бол нийслэл хотод хог тээвэрлэх автомашин нь битүү чингэлэгтэй, зориулалтын автомашин байх шаардлагатай аж.
Мөн хятад автомашин дээр өөр үйлдвэрлэгчийн кузов угсраад япон автомашин гээд нийлүүлж байсан тохиолдол ч гарчээ.
Засгийн Газрын, хотын шийдвэрийг дүүргийн албан тушаалтнууд иймэрхүү байдлаар дунд нь завхруулдагт тус компанийн удирдлагууд харамсдагаа илэрхийлж байсан юм. Үнэндээ ч төсвийн мөнгийг чанаргүй бараа бүтээгдэхүүнд зарцуулж, гарын салаагаараа урсгаад байхад холбогдох хууль хяналтын байгууллагууд үл тоодог. Татвар төлөгчдийн мөнгийг шахааны бизнест ашигладаг энэ мэт байдлын эсрэг хамтдаа тэмцэх цаг болсон хэмээгээд чанар, стандарт, баталгаагаар өрсөлдөхийг тус компанийнхан уриалж байв.
Мөн аливаа тендер шалгаруулалт бүх оролцогчдод ижил нөхцөл тавьж, адил гараанаас эрх тэгш, шударгаар өрсөлдөх боломж олгодог байх ёстой байдаг. Тусгай зориулалтын шинэ автомашиныг Монголын нөхцөлд тохируулан захиалж үйлдвэрлүүлэн, нааш нь тээвэрлэн авчрахад хамгийн багадаа 4 сарын хугацаа шаардлагатай байдаг ажээ. Гэтэл зарим тендерийн нөхцөлд автомашин нийлүүлэх хугацааг 2 сар гэж заасан байдаг нь ийнхүү бодит байдалтай огт нийцдэггүй бөгөөд боломжгүй хугацаагаар шахаж, зориулалтын бус машин шахдаг энэ байдлыг тус компанийн удирдлагууд буруушааж байв.
Ер нь төсвийн, төслийн, татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авч байгаа аливаа автомашин техник, тоног төхөөрөмжийн шаардлага хангасан, баталгаатай, найдвартай байдал болон хаанаас хэрхэн авсан гэдгийг олон нийтэд нээлттэй тайлагнадаг жишиг тогтооё хэмээн тус компаниас хэвлэл мэдээллийн салбарынханд хандан уриалж байна.
Дашрамд дуулгахад тус компанийн хувьд дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг БНСУ-ын "Хьюндай Мотор" компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд бага, дунд, том оврын ачааны автомашин, эдгээр автомашин дээр суурилсан тоноглол бүхий төрөл бүрийн тусгай зориулалтын автомашин, хот доторхи болон хот хоорондын бүх төрлийн нийтийн тээврийн автобусыг худалдах, баталгаат хугацааны засвар болон түүний дараах засвар үйлчилгээг бүрэн үзүүлэх , чанартай баталгаатай сэлбэг хэрэгслээр байнга ханган нийлүүлэх, жолооч засварчдыг сургаж бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, сертификаттай сургалт явуулах зэрэг онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч юм.
(Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригун)
-“Хьюндай Моторс Монгол” компанийн зориулалтын хог тээвэрлэлтийн машинтай болсноор өмнөх хог тээврийн машинаас юугаараа ялгаатай вэ. Мөн хог тээвэрлэлтийн ажилд дэвшил гарах уу?
-Солонгосын нэртэй брэндийн хог тээвэрлэлтийн автомашинуудыг албан ёсны борлуулагч “Хьюндай Моторс Монгол” компани оруулж ирж байна. Хог тээврийн машиныг өмнө нь олон улсын буцалтгүй тусламжаар авдаг байсан. Тийм болохоор эвдрэл гэмтэл гарахад хотын төсвөөс зардал гаргаж засдаг. Харин энэ удаа буух эзэн, буцах хаягтай болсон нь сайн хэрэг. Тиймээс чанарын баталгаатай, найдвартай компани оруулж байгаа нь илүү дэвшил юм.
-Хүчин чадлын хувьд ямар вэ?
-Шинэ машинууд 8, 12 метр кубээр шахдаг хүчин чадалтай.
-Нийт хэдэн машин авч байгаа вэ?
-Нийслэлийн хөрөнгөөр энэ онд 163 автомашин авч байгаа. Харин улсын хөрөнгөөр 24 автомашин авна. Тэгэхээр одоо байгаа 152 машин хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл хуучин машинаа актлах уу, ажилчдын орон тоог яаж гүйцээх вэ?
-Хуучин машинаа аль болох актлахгүй, засч сайжруулаад явах ажлыг хийнэ. Шаардлагатай машиныг актлана. Ажиллах хүчин чадлыг ч нэмэгдүүлэх бөгөөд туршлагатай шинэ жолооч нэмж авна. Эдгээр машинууд ирэх сар гэхэд ажилдаа орсон байна.