Их Британийн хамгийн залуу Ерөнхий сайд

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Их Британийн хамгийн залуу Ерөнхий сайд

Зөөлөн инээмсэглэл тодруулж, залуухан, эрч хүч, хөнгөн шингэн байдлыг илтгэсэн Тони Блэрийг дэлхий нийт сайн танина. Тэр Английн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа дэлхийн хамгийн нөлөө бүхий улстөрчийн нэг байсан бөгөөд олон улсын тулгамдсан асуудлаар  энэ хүний үгийг заавал сонсдог байсан гэдэг.  
Тэр Их Британи АНУ-ын хооронд үүсээд байсан зарим нэг үл ойлголцлыг арилгаж, Ерөнхийлөгч Ж.Буштай аливаа асуудлаар нэгдмэл байр суурьтай байж чаддаг, тэр дундаа алан  хядагч­дын эсрэг хийж буй тэмц­лийг нь тууштай дэмжиж байсан юм.  Ямар сайндаа Нельсон Мандела түүнийг “Америкийн гадаад хэргийн сайд” хэмээн гоочилж байхав. Үүгээр ч зогсохгүй “Бушийн пудель нохой” гэж  нэр хоч өгч байсан удаа ч бий. 

Лейборист намын лидер Тони Блэрь 1997 -2007 он хүртэл Британийн Ерөнхий сайдаар ажилласан. Их Британийн түүхэнд ингэж  Ерөнхий сайдаар гурвантаа дараалан сонгогдсон хоёрхон хүн бий. Тэр нь Тони Блэрь, Маргарет Тетчер хоёр. Лейборист  нам урьд нь  дөрвөн ч сонгуульд  дараалан ялагдал хүлээгээд байв. Энэ бол улс төрийн намын хувьд тун эмгэнэлтэй, орон зайгаа алдах аюулд хүрээд байсан хэрэг. Гэвч Тони Блэрь намын дарга болонгуутаа ялагдлын учир шалтгааныг судалж, намын улс төрийн бодлогод радикал өөрчлөлтүүд хийж чадсанаараа 1997 оны сонгуульд намаа итгэлтэйгээр  ялалтад хүргэсэн юм. Ийм хүнд цохилт авсан намыг ахархан хугацаанд өндийлгөж чадсан нь түүний улстөрчийн ур чадварыг илэрхийлсэн хэрэг байлаа. Намын нэр хүндийг ийнхүү өргөж чадсанаар тус нам 1997, 2001, 2005, 2010  оны сонгуульд дараалан ялалт байгуулаад байна. АНУ-ын Иракт хийсэн дайныг дэмжсэн  нь намын нэр хүндэд нөлөөлсөн гэх шүүмжлэлийн улмаас тэрбээр 2007 оны зургадугаар сард  Ерөнхий сайдын суудал болон Лейборист намын удирдлагаа Гордон Браунд шилжүүлэн өгсөн юм. 

Их Британийн ирээдүйн Ерөнхий сайд Тони 1953 онд Шотландын Эдинбургт айлын хоёр дахь хүү болон төржээ. Тэр нэг ах, охин дүүтэй. Түүний унаган нэр нь Тони Блэрь Энтон Чарльз юм. Сургуулийн найрал дуунд дуулж,  ер нь дуу хөгжимд дуртай хүүхэд байв. Оюутан  болоод ч энэ хообийгоо орхисонгүй,  “Ugly Rumours” рок хамтлагт дуулж, гитар тоглодог байлаа.  Оксфордын их сургуулийн оюутан байхдаа ангийн анд Питер Томсоны нөлөөгөөр улс төрийн зүүн жигүүрийн бодлогыг сонирхож эхэлсэн ч ээж нь нас барсаны улмаас хойш тавьжээ. Тэр Оксфордын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 

Түүний эцэг Лео Лейборист намын гишүүн бөгөөд хүү Тони ч бас эцгийнхээ сонголтоор замнаж улс төрд хөл тавьсан байна. 1983 онд 30-хан насандаа парламентад сонгогдлоо. Залуу улстөрчийн цог хийморийн од гийж байв. 1987 оны 10 дугаар сард Лондонгын хөрөнгийн зах зээл  хямархад  Блэр хотын худалдаачид хийгээд жижиг хөрөнгө оруулагчдыг ёс зүйгүй, мэдлэг чадвараар хомс хэмээн хурц шүүмжилсэн бөгөөд 1988 онд тэр сүүдрийн кабинетийн  гишүүнээр сонгогдож, эрчим хүчний асуудал эрхэлсэн сүүдрийн төрийн нарийн бичгийн дарга болжээ.

1992 оны сонгуулийн өмнө лейбористуудын олон нийтэд тогтсон имижийг өөрчлөх, ажлын хөлсний доод хэмжээний талаар мэтгэлцээн өрнүүлж эхэлсэн юм. Гэлээ ч  лейбористууд сонгуульд ялагдаж намын дарга Киннокийг өөрчилж Жон Смитийг сонгов. Харамсалтай нь  1994 онд  Жон Смит зүрхний өвчний улмаас таалал төгсчээ. Үүний дараа Тони  Блэрийг намын даргаар сонгов. Түүний цаг ирж байгаа нь энэ. Энэ үед нам нь дөрвөн сонгууль дараалан ялагдал хүлээгээд байв. Шинэ тэргүүн Тони  намынхаа чиг хандлагыг өөрчлөхгүйгээр хуучин үзэл баримтлалаар сонгогчдын саналыг авах боломжгүй гэдгээ  ойлгож  байв. Тэр гэмт хэргийг бууруулах, татвар багасгах,  худалдааг хөнгөвчлөх, орон нутгийн болон бүс нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон бодлогуудыг намынхаа хүрээнд боловсруулсан юм. Тони бас социализмын үндсэн зарчмуудын нэг гэгддэг нийгмийн баялагийг дахин хуваарилах, үйлдвэрлэл солилцооны зарим нэг зарчмыг авч хэрэглэхэд намынхныгаа итгүүлж чадсан  байдаг. 1996 онд болсон Лейборист намын хурал дээр Блэрь ирээдүйн танхмынхаа гол бодлогыг “Боловсрол-Хүмүүжил-Боловсрол” хэмээн тодорхойлжээ. 1997 оны сонгуульд  Лейборист нам ялж 18 жилийн турш Засгийн эрх барьсан Консерватив нам ялагдал хүлээлээ. Ийм урт хугацааны турш цааш зулраад байсан сонгогчдын итгэлийг эргүүлэн авчирсан нь Тони Блэрийн гайхамшигтай гавьяа байв. Ялсан намын даргын хувьд тэр Ерөнхий сайдаар сонгогдов. Тэр үед Тони 43 настай байлаа. Энэ нь Английн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд юм. Тэрбээр Ерөнхий сайд болонгуутаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Хойд Ирландтай энхийн хэлэлцээр хийх, эрүүл мэнд болон боловсролын салбарт зарцуулах төсвийг нэлээдгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн юм. Түүний хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нийгэмд ихээхэн талархал хүлээж, лейборист намыг дөрөв дараалсан сонгуульд  ялуулж чадсан цорын ганц намын лидер болсон билээ.

Гэлээ ч шүүмжлэл түүнийг бас тойроогүйг дурдах учиртай. Дэлхийн дулаарлыг сааруулахад хангалттай ажиллаж чадаагүй хэмээн бусад орны Засгийн газрууд түүнийг буруутгадаг. 1997 онд АНУ-д айлчлах үеэрээ “хүнд аж үйлдвэр хөгжсөн орнууд хүлэмжийн хийг багасгах тийм нөхцөл байдалд хүрээгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Үүнээсээ болж багагүй зэмлэл сонссон хэдий ч 2003 онд дахин АНУ-ын Конгресийн танхимд  “уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан таамаглах аргагаүй” гээд “…бид Киотогийн хүрээллээс гарах хэрэгтэй” гэж ил цагаан мэдэгдсэн юм. Түүний тэргүүлсэн Засгийн газар нүүрс төрөгчийн давхар ислийн хэмжээг 20 хувь бууруулсан, 100 сая еврог  ногоон хувьсгалд зориулсан гэх боловч бодит байдал  дээр зөрүүтэй байсныг шүүмжилдэг.

Тэр хувийн амьдралынхаа тухайд тун дуулиан шуугиан багатай нэгэн. Английн алдартай жүжигчин Тони Бутагийн охин Чери Буттай гэр бүл болон дөрвөн хүүхдийн эцэг болсон өнөр бүлийн тэргүүн.


П.Булган

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж