Робин Гибб ухаан оржээ

Хуучирсан мэдээ: 2012.04.23-нд нийтлэгдсэн

Робин Гибб ухаан оржээ

Их Британийн домогт “Bee Gees” хамтлагийн дуучин, хөгжимчин Робин Гиббийн биеийн байдал өнгөрсөн бямба гаригт сайжирч,  ухаан орсон  байна. Одоо Робин Гибб өөрийн эхнэр, хүүхдүүд болон ах Барритайгаа дохио зангаагаар харилцах болсон гэнэ. Өнгөрсөн оны сүүлээр түүнийг хорт хавдартай гэж эмч нар оношилсон бөгөөд Робин сүүлийн хэдэн сарын турш химийн эмчилгээ хийлгэж байгаа юм. Хавдар авах мэс засал хийлгэсний дараа Робин Гиббийн биеийн байдал сайжирч байсан хэдий ч найман хоногийн өмнө комд орсон юм. Эмч нар дуучин залууг дахиад өөр хавдартай байж магадгүй гэж таамаглаж байна. Ухаан алдсан шинж тэмдэг нь дуучинд тархины хорт хавдар байж магад гэсэн таамаглалыг бий болгожээ. Нөгөө талаар түүнийг ямар нэгэн халдварт өвчин туссан байх магадлалтай гэж үзэх эх сурвалж ч байгаа юм. 

Bee Gees хамтлаг нь 1970-аад онд нэрд гарсан бөгөөд ах дүү Барри, Робин болон Морис Гибб нарын дуу дэлхий дахинд хит болж байсан билээ. Тэднийг дисконы хаан гэж нэрлэж байсан бөгөөд АНУ-ын хөгжмийн алдар хүндтэй “Грэмми” шагналын долоон төрлийг тэд хүртэж байжээ. Тэд зөвхөн дуулаад зогсохгүй Барбра Стрейзанд, Селин Дион болон  Дайана Росс нарын дууг бичиж байсан юм. Хамтлагийн сүүлийн цомог 2001 онд гарсан байна.

Ах дүү Гиббийн хамгийн бага дүү Энди уран бүтээлээ дөнгөж эхлэн, амжилтад хүрч байсан 30 насандаа зүрхний дутагдлаар 1988 онд таалал төгссөн юм. Дараа нь ах Морис нь 2003 онд 53 насандаа нас барсан ажээ. Үүний дараа Барри болон Робин Гибб нар Bee Gees хамтлагийн нэрээр дуулахаа больсон байна. Робин Гиббийн биеийн байдал муудаж байсан учир 2009 оноос хойш ах дүү хоёр уран бүтээл хийхгүй байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж