Олон улсын валютын сан /ОУВС/ гишүүн орнуудын квотын өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлаар 2013 оны нэгдүгээр сар гэхэд бүрэн зөвшилцөлд хүрэх юм бол нэг жилийн хугацаанд дуусгавар болгохоор төлөвлөжээ. “2010 онд эхлүүлсэн квотын өөрчлөлт, шинэчлэлтийг олон улсын санхүүгийн энэ хүнд цаг үед яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс квотын 15 дахь удаагийн хэлэлцээрийг 2014 оны нэгдүгээр сард бүрэн дуусгавар болгохоор зорьж байна” хэмээн Вашингтон хотноо болсон Дэлхийн банк, ОУВС-гийн жил бүрийн хаврын чуулга уулзалтын протоколд тэмдэглэжээ.
ОУВС-гийн тэргүүн Кристина Лагард “БРИКС-ийн орнуудын квотыг нэмэгдүүлэх асуудлыг ирэх аравдугаар сард болох ээлжит чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ” гэж мэдэгдсэн байна. Өмнө нь уг асуудлыг энэ сарын сүүлч гэхэд шийдвэрлэсэн байхаар төлөвлөж байсан юм. Сангийн гишүүн орнууд квотын эзлэх хувь хэмжээгээрээ шийдвэр гаргахад үүрэг оролцоотой байхаас гадна санхүүжилт авах боломж илүү нээгддэг.
Э.Од